Д.Трамп ЕХ-нд ногдуулах импортын тарифыг 7-р сарын 9 хүртэл хойшлууллаа


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар “маш сайхан яриа” өрнүүлснийхээ дараа ЕХ-нд ногдуулна хэмээн сүрдүүлж байсан импортын тарифаа 7-р сарын 9 хүртэл хойшлуулж байгаагаа ням гарагт мэдэгджээ.

Тэрээр өнгөрөгч сард ЕХ-ны импортын бараа бүтээгдэхүүнд 20%-ийн тариф ногдуулахаа зарлаж, дараагаар нь 7-р сарын 8 хүртэл 10% болгож таллан буулгахдаа яриа хэлэлцээ явуулах хугацаа олгож байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ЕХ-той явуулж буй яриа хэлэлцээнээс ахиц дэвшил гарахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлж, 6-р сарын 1-нээс ЕХ-ны импортод 50%-ийн тариф ногдуулна хэмээн сүрдүүлсэн.

Трампын сүрдүүлгийн дараа Урсула фон дер Лейен түүнтэй утсаар холбогдож, 6-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлүүлэх тарифаа түр хойшлуулахыг хүсэж, “яриа хэлэлцээг дорвитой явуулахыг” хүсэж байгаагаа мэдэгдсэн тул 7-р сарын 9 хүртэл сунгахаар болсныг Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлж, мөн Нью-Жерси мужийн Морристаун хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ч мөн өөрийн Х хуудсандаа Д.Трамптай утсаар “сайн яриа” хийсэн тухай бичиж, тохиролцоонд хүрэхийн тулд бидэнд хугацаа хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Трампын засаг захиргаа тарифын бодлогын хүрээнд ЕХ-нд гурван төрлийн тариф ногдуулчихаад байгаа юм. Тодруулбал, ган, хөнгөнцагаан болон автомашины импортын 25%-ийн тариф, бүх төрлийн импортод ногдуулах 20%-ийн харилцан тэгш тариф болон үндсэн 10%-ийн тариф байгаа билээ.

Гэхдээ мөн Брюсселийн зүгээс хоёр талын тарифын асуудлаарх яриа хэлэлцээ нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд АНУ-ын 100 тэрбум еврогийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг өмнө нь зарласан.

2024 онд АНУ-ын Европын Холбоотой хийсэн худалдааны алдагдал 236 тэрбум ам.доллар байсан гэсэн тооцоо гарсан бол Европын Комиссын зүгээс Америкийн компаниуд давамгайлдаг үйлчилгээний салбарыг тусад нь авч үзээд АНУ-ын худалдааны алдагдал 50 тэрбум евро буюу 57 тэрбум ам.доллар болсон гэж тооцоолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *