Ираны найруулагч Жафар Панахи Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагнал хүртэв


78 дахь удаагийн Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод” шагналыг Ираны найруулагч Жафар Панахи “It Was Just an Accident” буюу “Энэ бол зүгээр л осол байсан” хэмээх бүтээлээрээ өнгөрсөн бямба гарагт хүртсэн байна.

Энэ жилийн наадмын “Алтан далдуу мод” шагналд нийт 22 бүтээл өрсөлдсөнөөс ийнхүү Ираны найруулагч Ж.Панахи өөрийн 11 дэх уран бүтээлээрээ хүртлээ. Жафар Панахи уран бүтээлүүдээрээ Ираны засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг гэдгээрээ танигдсан бөгөөд хэд хэдэн удаа баривчлагдан хоригдож байсан юм. Түүнчлэн 2010 онд төрөлх Иран улсад нь түүнийг кино хийхийг хориглосон ажээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүн Ираны найруулагчийг “Алтан далдуу мод” шагнал хүртсэнийг зарласны дараа үзэгчид бүгд босч, алга ташиж түүнд хүндэтгэл үзүүлжээ.

Жафар Панахи шагналаа гардан авах үеэрээ хэлсэн үгэндээ үндэсний эв нэгдлийг уриалж, “өнөөдөр хамгийн чухал зүйл бол манай улсын эрх чөлөө” гээд, өөрийн шагналыг эрх чөлөөтэй ажиллах боломжгүй байгаа дэлхийн бүх кино уран бүтээлчдэд зориулсан байна.

Мөн тэрээр “хэн ч хүмүүст юу өмсөх, юу ярьж хэлэхийг нь заах ёсгүй” хэмээн хэлжээ.

Ж.Панахи шагнал хүртсэнийхээ дараа шууд Иран руу нутаг буцна гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнээс нутагтаа очоод баригдахаас айхгүй байна уу гэсэн асуултад тэрээр “огтхон ч үгүй, маргааш бид нутаг буцна” хэмээн хариулж, ням гарагт кино багийнхаа хамт авахуулсан зургаа Инстаграм хуудсандаа нийтэлж, “аялагчид нутаг буцаж байна” хэмээн бичсэн байна.

Өдгөө 64 настай найруулагч Жафар Панахигийн найруулсан “Энэ бол зүгээр л осол байсан” хэмээх уг шагналт бүтээл нь улс төрийн сэдэвтэй триллер төрөл жанрын кино бөгөөд шоронд өөрсдийг нь тамлан зовоож байсан хүнээс өшөөгөө авч буй Ираны таван эрэгтэйн тухай өгүүлдэг ажээ. Уг кинонд тоглосон эмэгтэй жүжигчид нүүрний гивлүүргүй гардаг нь Иран улсын шашны чанга хатуу хувцаслалтын дүрэм журмыг зөрчсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Ираны Фарс мэдээллийн агентлаг 78 дахь Каннын кино наадмын шүүгчдийг шийдвэрийг улс төрийн зорилготой хэмээн мэдээлсэн бол тус улсын өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх үзэл баримтлал бүхий Этемад, Шаргх, Хам Михан зэрэг сонин хэвлэлүүд Ж.Панахигийн ялалтын талаар өөрсдийн вебсайтад мэдээлсэн ч сонины нүүрэндээ мэдээлээгүй байна.

Энэ нь Ираны найруулагч Каннын кино наадмын тэргүүн шагнал хүртсэн хоёр дахь тохиолдол болж байгаа бөгөөд өмнө нь 1997 онд Ираны найруулагч Аббас Киаростами “Интоорын амт” хэмээх киногоороо “Алтан далдуу мод” шагналыг хүртэж байсан юм.

Харин энэ жилийн наадмын Grand Prix шагналыг найруулагч Йоахим Триерын “Сэтгэлийн үнэ цэнэ” (Норвеги), шүүгчдийн нэрэмжит шагналыг найруулагч Оливер Лаксегийн “Сират” (Испани-Франц) болон найруулагч Маша Шилинскийн “Уналтын дуу чимээ” (Герман), шилдэг найруулагчийн шагналыг “Нууц ажилтан” (Бразил) киноны найруулагч Клебер Мендонка Фильо тус тус хүртсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *