Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.

—————————————————————————–
-Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хэрэглэх болсон гэсэн. Та бодит нөхцөл байдлын талаар ярихгүй юу?
-Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт холбогдсон хамгийн залуу хэрэглэгч нь 13 настай хүүхэд байсан.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүүхэд, залуучуудын насны байдлыг авч үзвэл 13-35 настай залуучууд 91.2 хувийг эзэлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн с урагчид хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг зориулалтын бусаар у рвуулан хэрэглэж, мансуурсан тохиолдол гарсан. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг зүйлсийг ашиглаж мансуурсан гэх дуудлага ч бүртгэгдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн 26, энгийн эмийг зориулалтын бусаар ашиглаж мансуурсан 11, ахуйн хэрэглээнд ашиглагддаг зүйлийг хэрэглэж мансуурсан 13 буюу нийт 50 хүн нас барсан гэх тохиолдол бүртгэгдсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар насанд хүрээгүй хүүхэд ийм гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдээгүй. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар зөрчил нь 55 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа.
-Хүүхдүүд ямар шалтгааны улмаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж байна вэ?
-Хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байна. Мөн сониуч зан нь бусдыг даган дуурайх болон чөлөөт цаг ихтэй гэх энэ гурван шалтгаан гэмт хэрэг үйлдэх суурь нөхцөл болдог. Өсвөр насны хүүхдүүдийн дунд найз нөхдийнхөө ятгалгад орж улмаар эм бодисыг сонирхон хэрэглэж үзээд хохирогч, донтогч болж байсан тохиолдол бий. Энэ нь яваандаа мансууруулах төрлийн бодисыг олон давтамжтай хэрэглэх суурь нөхцөл нь болж өгдөг сөрөг үр дагавартай. Хоёр дахь шалтгаан нь гэвэл манай эцэг эхчүүд цаг зав муутайгаасаа болоод хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Мөн хүүхдэдээ зориулах анхаарал халамжаа орлуулахын тулд бэлэн мөнгө өгдөг. Эргээд таны хүүхэд тухайн мөнгийг юунд зарцуулсныг шалгадаггүй. Энэ нь зарим хүүхдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бүтээгдэхүүн авч хэрэглэх шалтгаан болж байна.
Телевиз, сайт, сошиал цахим орчинд гэмт хэрэг үйлдсэн арга, эм бодисын нэрийг гаргасан мэдээллийг шууд олон нийтэд мэдээлж байна. Энэ мэдээллийг хүүхэд, залуучууд үзэж, хараад хэрэглэж үзэх сэдэл авдаг. Тиймээс тухайн мэдээллийг нийтийн сүлжээнд оруулахдаа мэргэжлийн байгууллагаас нь зөвлөгөө авч байгаарай.
-Хүүхдүүд бусдыгаа даган дуурайж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг үү?
-Өөрөөр хэлбэл, энэ хүүхэд хэрэглэсэн юм чинь би яагаад болдоггүй юм бэ гэх мэт даган дуурайх хандлага ажиглагдсан. Хэрэглэхгүй л бол үе тэнгийнхнээсээ хоцроод ч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Хүүхдийн бодож байгаа ертөнц өөр шүү дээ. Мөн өсвөр насны хүүхэд найзуудынхаа дунд өөрийгөө таниулж, хэн гэдгээ нотлохын тулд хортой, буруу зүйлийг хэрэглэж эрүүл мэндээ хохироох тохиолдол бий. Тухайн зүйлийнхээ хор уршгийг мэдэхгүйгээсээ болоод хохирдог юм. Хэрвээ би үүнийг хэрэглэчих юм бол найзууддаа тоогдоно гэх иймэрхүү буруу бодлоосоо болоод мансууруулах төрлийн бодис хэрэглэж байна. Энэ бүхэн эргээд хүүхдэд хорт зуршилтай болох сэдэл төрүүлдэг. Мөн сүүлийн үед хүүхдүүд олны танил хүмүүсийн бичлэг, сурталчилж буй зүйлд автаж байна. Тэгээд үзсэн зүйлээ бодит амьдрал дээр дуурайдаг. Энэ зүйлийг хэрэглэх нь буруу юу, зөв үү гэж бодохгүйгээр би тэр хүн шиг харагдах болов уу гэх сэтгэл хөдлөлдөө автаж байна.
-Бага насандаа гэмт хэргийн хохирогч болж байсан бол мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлдөг үү?
-Тодорхой хэмжээнд нөлөөлнө. Бага насандаа гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн сэтгэл зүй маш их гэмтэж, цочролд орсон байдаг. Хүүхэд насанд хүрсэн хүн шиг айсан, цочрол авсан зүйлээ бусадтай хуваалцаж чаддаггүй. Түүнээс гарах арга замаа сайн мэддэггүй. Тиймээс л тухайн хүүхэд энэ зүйлээ мартахын тулд найз нөхөдтэйгөө нийлж, донтогч болсон тохиолдол бүртгэгдсэн.
-Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүүхдэд мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэг үү?
-Тухайн бодисыг хэрэглэсэн хүний царай төрх болон эрүүл мэндэд хохирол учирч эхэлдэг. Хэрэглэсний дараа нүдний хүүхэн хараа өргөсөж, нарийсах, нүдний салалт улайх, нүүр, хүзүү, нуруу зэргээр идээт үрэвсэл гардаг. Тухайн хүүхэд орчноосоо өөрийгөө тусгаарлаж, шүүмжлэлд эмзэг ханддаг. Сэтгэл санааны байдал нь тогтворгүй болно. Анхаарал төвлөрөл, нойр хоолны дуршил муудах, хувцаслалт, үзэл бодол нь ч огцом өөрчлөгддөг. Найз, нөхөд танилын хүрээлэл өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ ажиглаж эхлэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан яриа өрнүүлж, хөдөлгөөний эрсдэлийг нь шалгаж байгаарай. Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандаарай.
-Эцэг эхчүүд хүүхдээ хорт зуршлаас хол байлгахын тулд юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Гэр бүлийн боловсрол буюу суурь хүмүүжлийг эцэг эхчүүд хүүхдэдээ зөв олгож чадвал таны хүүхэд хорт зуршлаас хол байж чадна. Мөн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд анхаарч байгаарай. Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг хүүхэд хорт зуршилд өртөх эрсдэл бага байдаг. Одоо иймэрхүү мэдээлэл явахаар манай эцэг эхчүүд нэг их ойшоодоггүй. Өөрөөс нь хол хөндий сэдэв хэмээн ташаа ойлгодог. Гэтэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн 61 хувь нь бүрэн дунд боловсролтой байна. Харин 57 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байх жишээтэй. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодисыг зөвхөн мөнгөтэй айлын хүүхэд худалдан авч хэрэглэдэг гэх энэ ойлголт ташаа юм.
Би нэг хуулийн зүйл заалтыг эцэг эхчүүддээ хандаж хэлмээр санагддаг. Энэ хуулийг бүх эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7- тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэдэг. Манай зарим эцэг эхчүүд хуулийн мэдлэг дутмагаасаа болоод нуух тохиолдол бий. Нуулаа гээд юу ч шийдэгдэхгүй. Эцэст нь хүүхэд л хохирно. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой цагдаагийн байгууллага болон эцэг эхчүүд хамтран тэмцэх ёстой гэдгийг онцолж хэлье.
-Мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүүхэд өөрийгөө татаж авах боломжтой юу?
-Ямар бодис хэрэглэсн ээсээ хамгийн их шалтгаална. Нийлэгжилтийн аргаар гаргаж авсан синтетик төрлийн бодис хэрэглэсэн бол шууд донтолтод хүрэх аюултай. Хамгийн гол нь тухайн хүн хорт зуршлаа орхиод хэрэглэхээ больё гэж бодсон ч больж чадахгүй. Тухайн бодисыг дахин хэрэглэхийг бие организм нь шаарддаг. Мэдээж хоргүй чанар нь бага бодис хэрэглэсэн бол хурдан гарах боломжтой.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам