Энэ сарын дундуур Туркийн Истанбул хотноо явагдсан энхийн яриа хэлэлцээний төгсгөлд тохиролцсоны дагуу ОХУ, Украин улсууд хоёр талаас тус бүр 1000 хоригдол цэргийг харилцан солилцжээ.
Талууд солилцоог гурван үе шаттай явуулсан байна. Өнгөрсөн баасан гарагт тус бүр 390 олзны цэрэг, бямба гарагт 307 олзны цэрэг солилцсон бол сүүлийн 303 хоригдлыг ням гарагт солилцсоноор дайны 3 жилийн хугацаан дахь хамгийн томоохон хэмжээний хоригдол солилцоо амжилттай явагдлаа.

Дайны үеэр олзлогдсон хоригдол цэргүүдийг солилцох үйл ажиллагааг байршлыг нь нууцалсан газарт явуулсан байна.
Оросын тал Украинд томоохон агаарын цохилт үзүүлсний дараа хоригдол солилцоо явагдсан ба тухайн цохилтын улмаас Украинд багадаа 12 хүн амиа алдсан гэж мэдээлсэн юм.
Украины ерөнхийлөгч В.Зеленский мөн ням гарагт өөрийн Х хуудсандаа “эх орноо хамгаалагч 303 цэрэг гэртээ эргэн ирлээ” хэмээн нийтэлж, тэднийг Украины зэвсэгт хүчин, Үндэсний гвард, Төрийн хил хамгаалах алба болон Төрийн тусгай тээврийн үйлчилгээнд харъяалагддаг албан хаагчид болохыг зарлаж, Оросын олзонд байгаа үлдсэн бүх эх орон нэгтнүүдээ нутагтаа буцааж авчрах болно хэмээн мэдэгджээ.
Талууд энэ сарын 16-ны өдөр Туркийн Истанбул хотноо өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь анхны нүүр тулсан энхийн яриа хэлэлцээг явуулж, үр дүнд нь 1000 хоригдол цэргийг харилцан солилцож, яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхээс гадна гал зогсоож, энхийн гэрээ байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар тохиролцсон юм.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ дайныг зогсоож, урт удаан хугацаанд үргэлжлэх энх тайвныг авчрах иж бүрэн баримт бичгийг боловсруулах нь хүнд хэцүү ажил гэдгийг онцолж, хоёр талын хоригдол цэргүүдийг солилцож дууссаны дараа гал зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг “Украинд танилцуулахад бэлэн болно” хэмээн мэдэгдсэн байна.