Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башё өчигдөр Токио хотноо өндөрлөлөө. Япон сүмоч озеки Оносато 14 даваа, нэг унаатайгаар Нацү башёгийн түрүү бөхөөр тодорч, мөн ёкозүна цолны болзол хангалаа. Ингэснээр 24 настай Оносато 6 жилийн дараа японы ёкозүнагийн халааг үргэлжлүүлэхээр болж байна.
Тэрээр сүүлийн барилдаандаа Хоошёрюү С.Бямбасүрэнд өвдөг шороодож, ялагджээ. Харин Хоошёрюүгийн хувьд 12 даваа, 3 унаатай үзүүрлэв. Тэрээр бэртлийн улмаас өнгөрсөн сарын башёг дундаас нь өнжөөд байсан билээ.
Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Оносатод ёкозүна цол олгох асуудлыг хэлэлцэх аж. Оносато ёкозүна цол хүртвэл энэ цолонд хамгийн хурдан хүрсэн бөх болох гэнэ. Түүний хувьд дөрвөн удаагийн эзэн хааны цомын эзэн, 2017 онд ёкозүна цол хүртсэн өөрийн багш Кисеносатогоос хойш 6 жилийн дараа мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна болох юм.