Т.Доржханд: МАН-ыхан та нар намынхаа эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа бодолцооч ээ


МАН-ын бага хурлаар Хамтарсан ЗГ-ын бүтцийг задлах буюу ЗГ-ыг огцруулах шийдвэрт хүрсэн. Шийдвэр гарснаас хойш 4 хоног өнгөрч байгаа ч ЗГ-ын тэргүүн өргөдлөө өгөөгүй байна. Тэгвэл засгийг хамтран байгуулсан Хүн намын дарга Т.Доржхандын зүгээс тайлбар авлаа.

-ЗГ-ын тэргүүн огцрох өргөдлөө өгнө гэсэн мэдээлэл гарсан ч Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл ямар нэгэн алхам хийсэнгүй. Та Ерөнхий сайдтай уулзсан уу?

-Хамтарсан ЗГ маш сайн ажилласан. Шүүмжлэл дагуулж байсан ч Эрчим хүчний реформыг зоригтойгоор хийсэн. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтууд ч орж ирж байсан. Гэтэл 3 намын амжилттай хамтарч ажиллаж байсан энэ бүх ажлыг 1 намын хурал тараах шийдвэр гаргаж байгаад маш их харамсаж байна. Би 1 зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байгаагаа илэрхийлье. Монгол улс парламентын засаглалтай байгууллага. ЗГ-ыг парламент байгуулсан. Парламентад 5 намын төлөөлөл бий. Тэдний 1 нам нь МАН. Гэтэл ганцхан ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Хамтарсан засгийн газар огцрох уу үгүй юу гэдгийг парламентаараа шийдээд явах ёстой гэж бодож байна.

-МАН-ын бага хурлаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Хүн намд засгийн газрыг тараахтай холбоотой ямар нэгэн бичиг ирсэн үү?

-Одоогоор надад ирсэн зүйл алга байна. Би яг та бүхэн шиг хэвлэлийн мэдээлэлтэй байна л даа

-3 намын дарга нар уулзсан сурагтай байсан?

-Бид 3 уулзсан. Ялангуяа Л.Гантөмөр дарга бид 2 ижил байр суурьтай байгаа.

-Уулзалтын үеэр Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн биз дээ?

-Энэ янзаараа 1996-2000 оны хаус байдал руу орох юм байна. Маш олон засгийн газар огцрох юм байна. Үүнийг дагаад парламент ч сулрах аюултай. Үр дүнд нь засаглалын өөрчлөлт рүү явахад хүрэх үр дүн гарч мэднэ. Маш олон улс төрчид ч яриад эхэлсэн байна лээ. Засаглалын хямрал ямар аюултайг бид мэдэх учиртай. Тиймээс Ерөнхий сайд намын бүлгүүдийн хурал дээр ирж энэ эрсдэлүүдийг тайлбарлаж өгөөсэй гэж хүсэж байна.

-Ерөнхий сайд намын дарга нарын уулзалтад юу ярьсан бэ?

-Ерөнхий сайд 1 л байр суурьтай байгаа шүү дээ. 1 намын тогтолцоотой болох шинж рүүгээ ороод ирж байгаа учраас Ардчилсан тогтолцоогоо хамгаалж авч үлдэхийн тулд хамтарч ажиллая гэдэг саналыг бидэнд анх тавьсан. Тэр л байр сууриндаа байгаа. Хамтарсан засгийн газрыг тарааж байгаа учраас Ерөнхий сайд ажлаа өгнө гэсэн.

-Ерөнхий сайдын хүүгийн асуудал эцэстээ яагаад ЗГ-ын огцрох асуудалд хүрчхэв?

-Би өмнө нь хэлсэн. Ерөнхий сайд орлогоо нотлоод л болчих байсан асуудлыг МАН бага хурлаараа хэлэлцээд ингээд ЗГ-ын асуудал болгочихлоо. Би үүнийг буруу л гэж бодож байгаа. МАН намын эрх ашгаасаа илүү улс орныхоо хэтийн эрх ашгийг бодолцох ёстой. АН-ынхан ч гэсэн хамтарчхаад ингээд сөрөг хүчний араншин гаргаад байж болох уу? Энэ талаасаа бодолцож үзээч ээ гэж хэлмээр байгаа юм. Хүмүүс арай мушгиад байна. Хүн намын хувьд парламентын ардчиллынхаа талд зогсоно. Ямар нэгэн засаглал солих асуудлыг эрс эсэргүүцнэ.

– Ерөнхий сайдын орлогын асуудлыг ил гаргах талаар яагаад ямар ч асуудал яригдахгүй байна вэ?

-Ерөнхий сайд өөрөө хэлсэн шүү дээ. Би сэтэрхий зүү сиймхий хадаг авсан бол хариуцлага хүлээнэ гээд. Хүүхэд нь ирээд хууль хяналтын байгууллагаар шалгуулж л байгаа юм байна лээ. Энэ асуудал шийдэгдтэл яагаад хүлээж болохгүй юм бэ? Бид асуудлаа ялгамаар байна шүү дээ. Тэнд хэдэн хүн орлогоо нотол гэхээр энд засаг төрийг огцрох асуудал болгоод байдаг.

-Л.Гантөмөр дарга хамтын хариуцлага үүрэх тухай яриад байсан. Өөрөө ч ЗГ огцорвол хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Хамтарсан ЗГ-ын гэрээнд хамтын хариуцлагын заалт бий юу?

-Гэрээнд хамтын хариуцлагын заалт байхгүй. Хувь улс төрчийн байр суурь байх. Би Л.Гантөмөр даргыг ойлгож байна. Маш их гүтгэлэг доромжлолыг тэсэж АН-ыг нэгтгэж ажиллаж байсан. Бид хамтарч ажиллаж байхад түүнээс их дэм авдаг байсан. Бид үнэхээр багаар ажиллаж чадаж байсан. Бидэнд ямар нэгэн өөр эрх ашиг байгаагүй. Бүгдээрээ чадлаараа ажиллаж ажил урагшлаад урамтай байсан. Цаашдаа улс орноо босгоод ирэх итгэл үнэмшил төрж байсан. Бид цаашдаа энэ итгэл үнэмшлээ цаашид хамгаалаад явах учиртай. Харин Л.Гантөмөр дарга маань шантарсан бололтой.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *