Франц улсад хоёр өдрийн дотор сэжигтэй байдлаар цахилгаан тасарсан хоёр дахь тохиолдол ням гарагт тус улсын Номин эрэг орчмын бүс нутагт гарсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ривьера мужийн Ницца хот дахь дэд станцид гал гарсны улмаас тус бүсэд цахилгаан тасарч, хамгийн багадаа 45000 айл өрх цахилгаангүй болсон байна.
Энэхүү үйл явдал орон нутгийн цагаар бямба гарагаас ням гарагт шилжих шөнийн 02:00 цагийн үед болсон бөгөөд Ницца хотын ойролцоо зохион байгуулагдсан Каннын кино наадам өндөрлөсний яг дараахан цахилгаан тасарчээ.
Эрх баригчдын зүгээс цахилгаан тасарсан хэрэг явдлыг зориудаар хийсэн үйл ажиллагаа хэмээн сэжиглэж байгаа ба Ницца хотын цагдаа нар гал гарсан дэд станцын үүдний хэсгээс машины дугуйн мөр олж, хаалга нь эвдэрсэн байсан хэмээн мэдэгдсэн байна.
Ницца хотын дарга Кристиан Эстроси өөрийн Х хуудсанд “хорлон сүйтгэх үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байна” хэмээн мэдэгдсэн бол хотын орлогч дарга Гаэл Нофри дэд станцид гарсан галыг “гэмт хэргийн шинжтэй байх магадлал өндөр” хэмээн тодорхойлсон байна.
Цахилгаангүй болсон Ницца хотын нисэх онгоцны буудал, трамвайн сүлжээ болон мөн хөрш зэргэлдээх Сен-Лоран-дю-Вар, Кань-сюр-Мер зэрэг хотуудын цахилгааныг ням гарагийн өглөө сэргээсэн байна.
Үүний өмнөх өдөр мөн тухайн хэсэгт цахилгаан тасарсны улмаас ойр орчмын 160 мянга орчим айл өрх тог цахилгаангүй болсноос гадна Каннын кино наадмын үеэр хэсэг хугацаанд цахилгаан тасарч, хэд хэдэн киноны үзвэр тасалдсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс цахилгааныг буцаан сэргээж чадсан.
Одоогийн байдлаар нэг бүсэд дараалан цахилгаан тасарсан дээрх хоёр хэрэг явдлууд хоорондоо холбоотой эсэх нь тогтоогдоогүй байгаа бөгөөд дэд станцид зохион байгуулалттайгаар гал тавьсан хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа ажээ.