УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодруулга авлаа.
-АН ямар байр суурьтай байгааг тодруулах гэсэн юм?
-Дефакто гэдэг үг байдаг шүү дээ. Засгийн газар огцорчихсон. УИХ-д 42 суудалтай намгүйгээр Засгийн газар ажиллана гэдэг шийдвэрээ МАН гаргачихсан шүү дээ.
-Шийдвэр цаасаар албажиж ирсэн үү?
-Бид хүлээж байна. Тэдний намын шийдвэр УИХ дээр яригдах учиртай. АН гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд, АН-гүйгээр засгаа байгуулна гэдэг шийдвэрт хүрсэн. Гэхдээ тэр шийдвэрээ УИХ дээр оруулж ирж чадахгүй байх шиг байна. Ямар логик, үндэслэл байгааг би хэлж мэдэхгүй юм. Засгийн газраа задалж байгаа учраас Ерөнхий сайд өргөдлөө өгч огцорно гэдэг яриа бол тэр хавиар явсан. Одоо Ерөнхий сайд саналаа оруулж ирэх байх. АН түүнийг нь хүлээж байна.
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Манай намын байр суурь маш тодорхой. Засаг байгуулахдаа МАН өөрсдөө биднийг урьсан. Ерөнхий сайд 2 намын сайд биш шүү дээ. Олонх Ерөнхий сайдаа томилоод биднийг урьсан. Бид хэлэлцээд хамтарсан Засгийн газарт орохоор шийдвэрлэсэн. Одоо тэр нам энэ хамтралаа больё гэж байх шиг байна. Ажил хийе гэхэд нь хамтарсан. Одоо болиод, сөрөг хүчний байр сууриараа ажиллахад бидэнд асуудал байхгүй.
-ЗГ огцрох үгүй нь тодорхойгүй энэ нөхцөл байдал төрийн ажлыг шат шатанд гацаагаад байх шиг байна. Та энэ талаар юу гэж харж байна.
-Засаг өөрчлөгдөх бүрд л ийм байдал үүсдэг. Энд нэг их төрийн ажил хямраад байгаа асуудал байхгүй. Шийдвэр гаргагч нам өөрсдөө хариуцлагатайгаар ажлаа түргэвчлэх учиртай.
-Л.Гантөмөр дарга Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээд огцрохоор болчхов уу гэж харагдаад байна.
-Логикийг нь зөв ойлговол Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газарт орж ажиллая гээд нам дотроо манлайлаад ажиллаж байсан хүн нь өөрөө Л.Гантөмөр дарга. Гэтэл нөгөө санал тавьсан нам нь нүүрээ буруулахаар энэ шийдэл буруу байжээ гээд хариуцлага хүлээе гэж байгаа юм. Энэ бол улс төрийн соёл.
-Ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгөхгүй УИХ дээр орж ирээд АН-аас улс төрийн дэмжлэг хүсвэл АН хүлээн авах уу?
-Одоо боломжгүй шүү дээ. Хөөгдсөн хүмүүс алга ташаад дэмжээд сууж байдаг тийм гэнэн төсөөлөл байхгүй. Ямар хэлбэрээр асуудал орж ирэхээс хамаараад намын бүлэг кноп дарна. Эсвэл бидэнгүй асуудлаа шийд гээд хаяад л гараад явна. Тийм л сонголт байна. Зарчим ч бас ийм. АН-ыг эрх баригчид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэ гэж байгаа бол бид 42-лаа сөрөг хүчний үүргээ биелүүлээд цул байх ёстой. Асуудалд ул суурьтай ажиллана. Чадалтай, боловсролтой, туршлагатай гишүүд бүгд бий.
-МАН-ын засаг төрийг самарсан энэ явдлыг та хувь улстөрчийн хувиар юу гэж харж байна вэ?
-Төрөө самарсан нь МАН-ын хийж байгаа хэрэг. Самарч байгаа шанага нь хэр зэрэг гэдэг нь тухайн намын асуудал.
-1 хүнээс хамаараад засаг төр бүхэлдээ хөдөлгөөнд ороод эх захгүй болж байна. Гэтэл Ерөнхий сайд одоо болтол байр сууриа илэрхийлэхгүй алга болчихлоо. Та энэ асуудалд юу хэлэх вэ?
-Би 1 биш удаа хэлж байна. Хүнээс хамааралгүй тогтолцоог бий болгож чадаагүй шүү дээ. Монгол Улс 3 даргын улс болсон. Тэр 3 дарга өглөө хэрхэн сэрэхээс, орой хэний ховыг сонсохоос бидний хувь заяа хамаарч савлаж байна. Бид ийм эмгэнэлтэй байдалтайгаа удаан явж болохгүй. Хүнээс хамааралгүй институт байгуулахын тулд УИХ нь их хурал шиг, Засгийн газар шиг байх ёстой. Ямар сайндаа л их хурлын танхим дундаас Ерөнхий сайдын суудлыг буулгах тухай санаачилга гаргах вэ? дээ
-Та энэ хуулийн төслөө өргөн барьсан уу?
-Хуулийн төслүүд бэлэн болсон. Хүлээн авах товыг хүлээж байна.
Засгийн газрыг огцорчихсон гэж та харж байна уу?
-Дефакто. Огцорчихсон. Монгол Улсын Засгийн газар огцорчихсон. Хуулийн хүрээнд бичиг цаасаар баталгаажуулах асуудал нь л хүлээгдэж байна.
-Танай засгийн газарт ажиллаж байсан сайд нар тань Засгийн газрыг үргэлжлүүлэх ажлыг дэмжихгүй юу?
-Хөөгдөж гарчхаад эргээд зомби амилуулж байгаа юм шиг тийм сүнсгүй эргэж хамтарна гэж байхгүй. Манайх бол оролцохгүй. 2-рт манай сайд нар ч хэлж байна. Засаг үргэлжиллээ ч 8 сайд нар маань өөрсдөө өргөдлөө өгнө гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ Ерөнхий сайд их хурал дээр асуудлаа оруулж ирж шийдүүлэхгүй удаагаад байвал дутаад байгаа 32 өргөдлийг чинь бид гүйцээгээд зуруулчхаж бас чадна шүү гэдгээ ч мэдэгдээд байгаа. Байр суурь маш тодорхой байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
2 responses to “Х.Тэмүүжин: Дефакто, Засгийн газар огцорчихсон. Одоо хуулийн хүрээнд баталгаажуулах нь хүлээгдэж байна”
Энэ Тэмүүжин хэзээм АН дарга болчихсон юм бэ Сайхан хорчин шүү дээ
Засаг огцрохоор сайхан болохгүй Харин ард түмний амьдрал улам муу болно.
Үүнийг ойлгохгүй засаг огцруулах гэсэн Баярмаа Лодой самбуу Цэнгүүн нарыг ард түмэн яллах болно
Хорт могой нар Хурдан алга болгоосой