5 жилийн өмнө цагдаагийн харгислалын улмаас амиа алдсан Жорж Флойдын дурсгалын арга хэмжээ АНУ-д зохиогдов


Цагдаагийн харгислалын улмаас амиа алдсан Жорж Флойдын дурсгалын арга хэмжээ ням гарагт АНУ-ын хэмжээнд зохион байгуулагдсан байна.

Эргэн сануулахад, одоогоос 5 жилийн өмнө буюу 2020 5-р сарын 25-ны өдөр Миннеаполис хотын цагдаагийн албан хаагч Дерек Шовин өнгөт арьст иргэн Жорж Флойдыг баривчлах үедээ гарыг нь гавлан, газар доош нь харуулан хэвтүүлж, ар нуруу болон толгойн тус газарт нь өвдөглөн дарсны улмаас тэрээр амьсгал нь боогдон нас барж байсан.

Уг хэрэг явдлын дараагаар цагдаагийн харгислал болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг улс орон даяар өрнөсөн “Black Lives Matter” буюу “Өнгөт арьстнуудын амь нас ч мөн чухал” хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж байсан юм.

Ж.Флойдын амийг хөнөөсөн цагдаагийн албан хаагч Дерек Шовин 22 жил хоригдох ял сонссон.

Тэгвэл амиа алдсанаас нь хойш 5 жилийн дараа ийнхүү Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэхийн сацуу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн харгислалын эсрэг тэмцлийг сануулах арга хэмжээнүүд АНУ даяар ням гарагт зохион байгуулагдлаа.

Жорж Флойд агсны гэр бүлийнхэн нь төрөлх Хьюстон хот дахь түүний шарилтай ойр байршилд цугларч, дурсгалын арга хэмжээг зохион байгуулсан бол хэрэг гардаг Миннеаполис хотын хэд хэдэн байршилд түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд давхар болж өнгөрсөн байна.

Анх маш хүчтэй эхэлж, үндэсний хэмжээнд өрнөж байсан “Black Lives Matter” хөдөлгөөний эрч хүч ковидын хөл хорионы үеэр суларч, Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш улам бүр сураггүй болсоор байгаа юм.

Америкчуудын дунд явуулсан сүүлийн үеийн судалгааны дүнгээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойшхи 5 жилийн хугацаанд ямар нэгэн дорвитой үр дүн, өөрчлөлт гараагүй хэмээн судалгаанд оролцсон иргэдийн 72% нь хариулсан байна.

Мөн 2020 оны 6-р сараас хойш “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжигч иргэдийн тоо хэмжээ 15%-иар буурсан гэсэн судалгааны дүн гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *