“Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчдийг машинаар дайрчээ


Английн Премьер лигийн тэмцээнд түрүүлсэн “Ливерпүүл” баг ялалтаа тэмдэглэж байх үеэр нэгэн этгээд автомашинаараа явган зорчигчдыг дайрсан хэрэг гарчээ. 

Гэмтэж бэртсэн 27 хүнийг Ливерпүүл хотын эмнэлгүүдэд хүргэсний дотор дөрвөн хүүхэд байгаа тухай түргэн тусламжийн албаны төлөөлөгч Дэвид Китчен даваа гаргийн орой мэдэгдлээ. 

Ёслолын парадын үеэр “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчид задгай автобусан дээр аваргын цомоо өргөн явж, ялалтаа тэмдэглэж дууссаны дараа хүмүүс тарж байх тэрхэн мөчид “Форд” маркийн нэгэн автомашин цугларсан олон руу гэнэт дайран оржээ.  

Мерсисайд гүнлэгийн гал түймэртэй тэмцэх, аврах албаны дарга Ник Серл-ийн ярьснаар, хэргийн үеэр дөрвөн хүн автомашины дугуйнуудын хооронд хавчуулагдсан байна. 

Тус хэрэгт холбогдуулан Ливерпүүл хотын нэгэн дүүрэгт амьдардаг 53 настай иргэнийг баривчилжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд болсон хэрэг явдлыг эрх баригчид “террорист халдлага” гэж үзэхгүй байна. 

ВВС-гийн сурвалжлагч автомашинд дайруулах тун дөхсөн бөгөөд түүний ярьснаар, хэсэг эрчүүд машин руу цохиж, эд зүйлс шидэж, арын цонхыг нь хагалсан боловч жолооч зогсолгүй цаашаа явсаар байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *