“Бахрейн 2025” Азийн залуудын наадам аравдугаар сард болно


Азийн залуучуудын III наадам ирэх аравдугаар сарын 21-нд Бахрейны Манама хотод эхэлнэ.

Азийн олимпын зөвлөлийн гишүүнчлэлтэй 45 орны баг тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөх тус наадам 10 хоног үргэлжлэх юм. Наадмыг 14-18 насны тамирчдын дунд зохион байгуулах аж. Энэхүү наадмыг 2009 онд Сингапурт, 2013 онд Хятадын Наньжин хотод зохион байгуулснаас хойш 12 жилийн дараа эргэн ирж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд олимпын морин спортын төрөлд анх удаа тамирчин оролцуулахаар төлөвлөж байгаа бол МҮОХ-ны цахим спортын ажлын хэсгээс и-спортын төрөлд тамирчдыг сонгон шалгаруулж оролцуулна. Мөн тэмээн уралдааны төрөлд тамирчин илгээхээр судалж байгаа аж. 

Монголын баг тамирчид Сингапурт болсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Харин 2013 оны Наньжины наадамд 65 тамирчнаа илгээж, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл III наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учралыг томилсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *