Ерөнхий сайдын хүүгийн хэтийдсэн тансаг хэрэглээ олон нийтийн бухимдлыг төрүүлж “огцрох амархан” эсэргүүцлийн жагсаал болон өргөжөөд 14 хонолоо. Үүнтэй зэрэгцэн ардын намын 6 дугаар бага хурал хамтарсан засгийн газрыг тараах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаар улстөрийн нөхцөл байдал тодорхойгүй, толгой эргэм болж хувирав. Нийгмийн талцал ч хурцдаж, төрийн ордон ажил хийдүүлж хурд авсан улстөрчдөөр дүүрэв. Харин өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжчихлээ.
Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэж , 10 хоногийн дотор шийдэх хуулийн зохицуулалт бий. Тодруулж хэлбэл Л.Оюун-Эрдэнэ явах эсэх нь 126 гишүүнтэй анхны парламентын бүрэн эрхэд шилжиж байна. УИХ-аас ямар ч шийдвэр гарсан хуулийн хүрээнд процесс өрнөх нь дамжиггүй. Засгийн газрын хэвлэлийн албаны даргын мэдээлж буйгаар “Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурал бол зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ- аар томилсон. Ингэж томилуулахдаа гишүүдээ бүрдүүлж орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм” гэв.