“Хасын Хүлэгүүд” Ази тивийн топ өрсөлдөөнд нэгдэхэд ганц хожил авах үлдлээ


Үндэсний Дээд Лигийн 9 дэх аваргын цомоо хүртээд удаагүй “Хасын Хүлэгүүд” дараагийн өрсөлдөөнөө эх орондоо хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Энэ бол Азийн Аваргуудын Лиг буюу “BCL”.

     “Хасын Хүлэгүүд” баг энэ жил тивийн тавцанд маш том мэдэгдэл хийсэн. Тэд Зүүн бүсийн “Б” хэсгээс финалд зүгээр нэг шалгараагүй, бүхий л өрсөлдөгчөө илт илүүрхэн буулган авсан. Хэсгийн шилдэг хамгаалалттай багаар нэрлэгдэж, нэг тоглолтод дунджаар ердөө 63.8 оноо алдсан нь үүнийг тод илэрхийлнэ.

Өөрөөр хэлбэл “Хүлэгүүд” нэг үед өрсөлдөгчдөө 16 хүрэхгүй оноо алдаж байна. Хамгаалалтаас гадна “Хүлэгүүд”-ийн довтолгоонд ч фенүүд нь эргэлзэх шаардлагагүй. Нэг тоглолтод дунджаар 81.5 оноо. Энэ хоёр тоон үзүүлэлтээс харахад л Хүлэгүүдийг зогсоох баг одоогоор тивийн зүүн хэсэгт лавтай алга.

     Дотоодын лигт авчирсан гадаад тоглогчдын сонголтоор үргэлж топ байсаар ирсэн Хүлэгүүд BCL-ийн өмнө нэгтгэсэн шинэ тоглогчийн тал дээр ч алдсангүй. 211 см өндөр, 122кг жинтэй будагтай талбайн “мангас” Жорди Чиманга хэсгийн шатны эхний тоглолтоосоо л унага байхаасаа энэ сүрэгт байсан мэт тоглолтыг үзүүлсэн.

Хэсгийн 6 тоглолтын дараа Канад “үлэмж биетэн” багт үзүүлж буй нөлөө болон самбарын үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлж байгаа. Тиймээс ч энэ залууг “Final Four”-ийн өрсөлдөөний өмнө онцлох нь зүйн хэрэг. Түүний хамт Иан Миллер дундаж оноо авалтаар багаа тэргүүлж байна.

Монгол тоглогчдыг Баатар-Эрдэнэ овогтой Барсболд оноогоор тэргүүлж байгаа. 9.7 оноо, 4.7 самбар, 3.5 оновчтой дамжуулалт гэдэг бол залуу тоглогчийн том багт , тэр дундаа тивийн өрсөлдөөнд үзүүлж буй нөлөө гэхэд үнэлүүштэй, гайхалтай тоон үзүүлэлт. Мэргэжлийн өрсөлдөөнд хөл тавиад ердөө 2 жил болж буй түүнийг Азийн мэргэжилтнүүд онцолж байна. Барсболдоос гадна Үндэсний Дээд Лигийн финалын цувралын нууц хөзөр С.Биндэръяа, лигийн “Үнэ цэнтэй тоглогч” А.Азбаяр, багийн гол уураг тархи туршлага болсон Д.Мөнхтүвшин, О.Сэргэлэн, МУГТ Б.Билгүүн гээд энэ багт дутуу зүйл одоогоор алга.

     “Final Four” өрсөлдөөнөөс хоёр баг дараагийн шатанд шалгарна. Тиймээс Хүлэгүүд цааш шалгарахын тулд эхний өрсөлдөгч Индонез улсын Пелита Жаяа багийг буулган авахад хангалттай. А хэсгийн 2-р байраар шилдэг 4-т нэрлэгдсэн Индонезийн багийн хувьд өнгөрсөн жилийн өрсөлдөөнөөс үндсэн тэмцээнд шалгарсан Зүүн Азийн хоёр багийн нэг. Өнгөрсөн жилийн амжилтаа дахин давтах уу? Эсвэл Монголын топ багийн эсрэг тоглон өрсөлдөөнөө дуусгах уу? гэдэг асуултын хариулт ердөө ганц тоглолтоор шийдэгдэнэ.

Энэ багийн гол үзүүлэлтүүд ердөө 3 тоглогч дээр л тулгуурлаж байна. Тэд бол Кэвин МакДанельс, Жеймс Дики болон Крис МакКолу. Тэр дундаа дэлхийн хамгийн нэр хүндтэй лиг болон NBA-д 4 улирал тоглосон Кэвин МакДанельс хэсгийн шатны 6 тоглолтод 20.4 оноо, 11.4 самбар, 5.0 оновчтой дамжуулалт дунджилсан нь энэ багт ямар чухал нөлөөтэйг илтгэх биз.

Дотоодын тоглогчдоос Индонез гаралтай ч АНУ-ын иргэншилтэй Брэндон Жаватог тивийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Учир нь тэрбээр 26.7 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 15.5 оноо, 5.8 самбар, 2.5 оновчтой дамжуулалтыг өгсөн. Тиймээс ч дасгалжуулагч Ади Пратама түүнийг гарааны сонголтоор сүүлийн 3 тоглолтод нэрлээд байна.

      Байрлал бүр дээр ширүүн өрсөлдөөн өрнөх энэ тоглолтын ялагч нь Азийн шилдэг 9 багийн нэгээр нэрлэгдэн үндсэн өрсөлдөөнд нэгдэнэ. Харин ялагч нь Монголын 9 удаагийн лигийн аварга Хасын Хүлэгүүд байх уу? Эсвэл 36 жилийн түүхтэй дотоодын лигтээ 4 түрүүлсэн Пэлита Жаяа байх уу?

Эх сурвалж: Premier Sports Network


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *