Жүжигчин, хөтлөгч Ё.Алтангэрэл цус харвалтын улмаас тал бие нь мэдээгүй нэлээд хугацааг өнгөрүүлсэн. Харин саяхан болж өнгөрсөн Фитнессийн улсын аварга шалгаруулах тэм цээний тайзан дээр тэрбээр үзүүлбэр үзүүлснээр олны ан хаарлын төвд ороод байгаа юм. Гурван хүүхэдтэй, дөрвөн ач, зээтэй өвөөгийн хөл дээрээ боссон түүхээс хүргэж байна.

-Заавартайгаа ирдэггүй энэ орчлонд их олон зүйлийг давж туулах шалгууртай хүн тулдаг юм байна. Их хүнд байдлаас босч ирэхэд чинь яг юу нөлөөлөв?
-Аливаа зүйлийг хүндээр бус хөнгөнөөр тусгаж авах их чухал юм шиг байна. Би үхлийн хаалга тогшчихоод ирлээ шүү, асар хүнд зовлон тулгарлаа гэж их хүндээр хүлээж авсангүй. За яахав, өвдөө л биз гэж хандсан. Хараад судлаад байтал харвалтаас босч ирсэн хүн байна, явчихсан хүмүүс ч байна. Тэгэхээр нь би дотроо “Би босно оо. Унасан бол өндийх ёстой, өндийсөн хүн босох ёстой” гээд л зүтгэсэн. Миний зарчим тийм байсан. Өөдөсхөн ач нараа хараад босъё гэж зүтгэсэн. Жаахан нялх хүүхдийг нүцгэнээр нь тэврэх ямар гоё байдаг билээ, тэр бяцхан зүрхний халуун илчийг биеэрээ мэдрээд л. Гэтэл миний гар хөдөлж өгөхгүй, нөгөө гараараа тэврэхээр алдчих гээд болдоггүй. Тийм болохоор илүү их романтик зүйл төсөөлж байгаа юм чинь.
-Харвалт яг хэзээ болсон юм бэ?
-Гурван жилийн өмнө. 2022 оны долдугаар сард тал харваад л би арваннэгдүгээр сараас нь фитнесст явж эхэлсэн.
-Тал биеийн харвалт гэхээр хэвтэрт байж таарна?
-Хэвтэрт, тэгээд тэргэнцэрт. Үндсэндээ тэргэнцрээс л сая босч тайзан дээр гарлаа. Энэ хооронд их юмыг үзэж тууллаа. Мэдээгүй болсон талаараа унаад гараа хугалчихсан. 4-5 сар сойлттой явсан. Түүнээсээ болоод булчин, шөрмөс нь татаад гар тэнийхээ больчихсон. /үзүүлэв/ Тэр болгонд фитнесс хэрэг болж байгаа юм. Тэгээд өглөө 09 цагт орно, өдөр 15 цагт гарна. Үдээс хойш 19 цаг гээд дахиад орно. Надад нэг зарчим бий. Фитнесс дотор дандаа эрүүл хүмүүс байгаа болохоор энд таяг тулж болохгүй. Тиймээс энд ирэнгүүтээ таягаа нэг буланд тавиад л хазганаад эд нарынхаа дунд ордог. Би өөрөө эрүүл болох гэж орж ирчихээд энд таяг тулах эрх байхгүй. Энэ мэтчилэн янз бүрийн шаардлага өөртөө тавьсаар тайзан дээр гарах хүртлээ гүрийлээ л дээ.
-Анх фитнессийг яаж сонгосон юм бэ. Хэн нэгэн санал болгосон уу. Зүгээр л сэтгэлийн үзүүрээс чинь үүнд явах нь дээр гэдэг мэдрэмж төрөөд байв уу?
– Нэг залуу надтай тааралдсан юм. Бүтэн харвасан гэсэн атлаа таяггүй, яг эрүүл хүн шиг явж байсан. Тэгэхээр нь би хөдөлгөөн засалчаасаа “Энэ яасан залуу юм бэ” гэж асуутал “Бүтэн харвасан ш дээ” гэсэн. Би тал харвачихаад ийм байхад яасан сүрхий залуу вэ гэтэл “Фитнесст явдаг гэсэн шүү” гэсэн. Дараа нь би тэр залууг олж уулзсан л даа.Тэгээд надад X хорооллын фитнессийг санал болгосон. Би тэнд нь яваад хэдэн дасгал сурсан. Ер нь хүнд хөдөлгөөн маш чухал. Нэг дасгалыг 20 удаа хинэ. Өдөрт 80 удаа гэсэн үг. Сард тэгэхээр хэд байх вэ. Хүн сэтгэл санаагаараа хөгширнө үү гэхээс, булчин бол хөгширдөггүй юм байна. Тиймдээ ч манай өвөг дээдэс хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг нь үнэн юм байна. /Булчингаа харуулаад амжив/
-Фитнесст явахаар зориглоод хаалгыг нь татаад орохдоо эндээс гар хөл минь хөдөлдөг болоод гарна даа гэсэн итгэл байсан уу?
-Байгаагүй. Юу хийж хаашаа харж үхдэг юм бол оо гэж бодож байсан. Яагаад гэхээр би ямар ч дасгал мэдэхгүй, чадахгүй, юм хий гэвэл унана гээд хамгийн түрүүнд эрсдлээ л тооцоолж байгаа юм. Тэр тоолонд сэтгэлээр унах шалтгаан гарах гээд байгаа юм. Тэгэхэд л ёстой тэгж болохгүй шүү, үзээд алдъя гэж л бодож байсан.
-Та бол урлагийн хүн. Урлагийн хүнд фитнесс гэдэг өөр өнцөг. Өдөр шөнө шиг ялгаатай байж таарна?
-Үнэхээр ширүүднэ ш дээ. Шүдээ зуугаад л гүрийсэн. Чадахгүй дасгалаа 80 удаа хийнэ гэдэг тоглоом биш. Багш нар дасгалаар шахамдуулна. Тэдний хувьд миний өвдсөн, бас хэн байх нь огт сонин биш. Та хий гэсэн бол гүйцээ. Түүнээс насаараа, өвчнөөрөө түрий барих асуудал байхгүй. Уг нь энд хамгийн ахмад нь би. Миний жин 57 кг. Нас нь 58. Одоо илүү ихийг хийнэ. Дасгалжуулагч маань дасгалаа жаахан хүндрүүлээд л өгөөд байна. Тэгэхээр чадахаас өөр арга байхгүй.

-Улсын аваргын тэмцээнд оръё гэдэг шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Багш тань зөвлөв үү, өөрөө шийдсэн үү?
-Дасгалжуулагч багш улсын аваргад орох тамирчдаа бүртгээд гоё гоё зөвлөгөө өгөөд л байсан. Тэгэхээр нь саваагүй хүн болохоороо би өөрөө багшдаа “Тэмцээнд оръё” гэж хэлсэн юм. Тэгсэн үл итгэсэн харцаар хараад болдоггүй. Тэгэнгүүт нь “Намайг орох юм бол над шиг олон хүн надаас урам сэдэл аваад фитнесст ирдэг болно шүү дээ. Тэр хэмжээгээрээ босоод ирэг л дээ” гэсэн. Үнэндээ тал харвасан хэвтрийн бидэн шиг хүмүүс утсаа ухаад л, үгүй бол суваг сольж кино үзээд л өдрийг өнгөрүүлдэг шүү дээ.
Энэ фитнесст ганцаараа өнгөрүүлсэн өдрүүд надад зөндөө. Тэр үед нулимс гоожно, “Хоосон зааланд юу хийж байгаа юм бэ” гэж өөртэйгөө ярина. Над руу Нүүр номын чатаар маш олон хүн орж ирж асуудаг, тэр тоолонд зовлонгоо хуваалцдаг. Би нэг хуурай дүүтэйгээ нийлээд пэйж хуудас нээгээд түүн дээрээ харвасан хүмүүст зориулсан дасгалыг өөрөө хийж оруулдаг юм. Тийм болохоор хүмүүс их ханддаг.
-Урлагийн хүн сэтгэлийн хөөрөл өндөртэй байдаг. Энэ чанар өнөөдөр танд өвчнөө хөнгөнөөр хүлээж авахад нөлөөлж. Ер нь урлаг Танд юу өгсөн бэ?
-Өөдрөг байхыг л өгсөн. Дээд, доод хоёр туйлын алинд нь ч хүрэлгүйгээр тэнхлэгээ хадгалж явах тэр чанарыг өгсөн. Бид чинь жинхэнэ урлагийн бурхадуудын шавь нар байлаа шүү дээ. Тийм болохоор муу муухай явж болохгүй гэдэг суурь зарчмыг сэтгэлдээ хадчихсан юм шиг байгаа юм. Тэр багш нарынхаа буянаар аливаад задаргаа хийгээд сурчихсан юм уу даа гэж боддог.
-Кинодрамын анги төгссөнөөс хойш тайз дэлгэцийн хэчнээн бүтээлд тоглосон бэ?
-Сургууль төгсөнгүүтээ Архангайн теарт жүжигчин, найруулагч, драм ангийн багш гэж гурван жил ажилласан. Тэр хугацаанд жүжиг концерт найруулж л байсан. Кино гэвэл саяхан тоолж үзэхэд 30 гаруй юм байна лээ. Бие дааж нэг жүжиг тавьсан. Телевизэд найруулагчаар нэлээд хэдэн жил болсон. Телевизэд байхдаа нэвтрүүлэг хөтлөөд цэнгээнт гэдэг жанрт орчихсон тал бий. (инээв) Нэг жанрт орчихоороо гарч болдоггүй юм. Түүнийгээ аятайхан болгочих гээд л. ТВ караоке чинь 5000 ам.долларын шагналтай, шинэ өнгө төрхтэй гараад ирэхээр сэтгэл татагдаад. Харвахынхаа өмнөхөн би өөрөө санаачлаад “Най уухай” гэдэг өв соёлоо хадгалсан шагайн харвааны үндэсний цэнгээнт нэвтрүүлэг гаргасан юм. Шагайн харваа чинь их сонирхолтой наадгай юм шүү дээ. Харваад сууж байхад хурмаст хураа хайрладаг, ширгээд олон жил болсон булаг өөрөө оргилдог тийм л байгалийн өгөгдөлтэй наадгай. Тэгэхээр тэнгэрийн наадгай, лус баярладаг тоглоом юм. Манайхан одоо спорт талаас нь хараад онохоо л бодоод байгаа болохоос бус. Тэгээд уухайгаараа ярилцдаг тийм үндэсний уламжлалт наадгай дэлхийд ховор доо. /уухайлж үзүүлэв/
-Би өөрийн чинь т оглосон дүрд их таашаалтай ханддаг байлаа. Гэтэл нэг өдөр л нэг их том зангиатай, цагаан цамцны үзүүртээ цацаг сагсалзуулж гарч ирээд л ТВ караоке хөтлөнгүүт их дургүй болж билээ?
-(инээв). Тэр чинь донж Төгөлдөрийн менежмэнт л дээ. Би өмнө нь цэнгээнт нэвтрүүлэг хөтлөх сөн гээд л хорхой хөдлөөд яваад байсан хүн уухайн тас л шүүрч авсан. Тэр чигээрээ найман жил явсан нэвтрүүлэг шүү. ТВ-9 телевизээр долоо хоног бүр гардаг. Бүр ТВ-9-ийн ТВ караоке гэдэг болчихсон байлаа.
-Төрснөөс илүү найз гэж хүнд байдаг. Нүүр номоос харж байхад жүжигчин Г.Золбоот та хоёр их дотны найзууд бололтой. Нэг цагаан сахалтай нөхөр таны гутлыг үдээд сууж ч байх шиг. Та хоёр хэдэн жил нөхөрлөж байна даа?
-Яг 40 жил. Оюутны байрнаас бидний нөхөрлөл эхэлсэн. Кинодрамын ангид ороод л дотуур байрны нэг тасгийнх. Нэвтрүүлэгч Цоодол бид гурав. Цагаан сахалт найз минь өчигдөрхөн утсаар яриад л Фэйсбүүк рүү орж болохгүй байна, чиний л нүцгэн зураг яваад байх юм гээд намайг шоолж л байна лээ. /инээв/
-Хүнд өвдөхөд хүний тар танигддаг. Их олон найз замын дундаас буцдаг. Энэ талаар?
-Харин тийм ээ. Ядаж байхад би хүн харвахаар эхнэр нь хаяад явчихдаг юм билээ гэдэг дэмий үг сонсчихсон байсан. За, тэгээд эхнэрийн хийсэн хоол заримдаа амтгүй байна ш дээ, амьдрал юм чинь. Тэгэнгүүт цин цин гээд л шууд детектив юм бодож байгаа юм чинь. Энэ чинь өвдсөн үеийн сэтгэл зүй юм билээ. Өөрөө дураараа хөдөлж чадахгүй хүний асрамжид орчихоороо хажууд нь асарч хайрлаж байгаа хүнээ өөлөөд л эхэлдэг юм билээ. Эмнэлэгт байхдаа цонхоор л хараад хүн хүлээгээд байдаг юм билээ. Хүний мөрөөс болдог юм шиг. Гэртээ байхад утас дуугарахаар нөгөөх рүүгээ тал бие нь хөдлөхгүй байж мөлхөөд байгаа юм уу, хаашаа юм зүтгэнэ шүү дээ. Харваад гурван жил болчихоод байхад миний хараад, хүлээгээд байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээд л фэйсбүүкээр нэг их сайн сайхан явж байгаагаа гайхаад байх юм. Тэгэнгүүт би өөр дээрээ бодож байгаа юм. Би өөрөө эрүүл саруул байхдаа энэ хүмүүсийн гаргадаг характерыг гаргасан байж ч мэдэх юм шүү дээ гэж. Тэгсэн бол би хэнээс юу горьдож, хайран сэтгэлийн орон зайгаа үлдээгээд байгаа юм бэ гэж боддог болсон. Харин эмнэлэг болгоны үүдэн дээр халуун хоол цайгаа бариад ирдэг хуруунд багтах хэдхэн найзаараа бахархдаг. Найз нар маань нэг их хөмсөг нь гурвалжин болоод өрөвдөж халаглаад байхгүй атлаа “Партизан найз минь” гээд л тэвэрдэгт нь, ямагт намайг гэдэг сэтгэлд нь баярлаж явдаг даа.
-Анх фитнесст явахад хань тань хэрхэн хүлээж авсан бэ. Сая улсын аваргын тэмцээнд тайзан дээр гарахад хэнээс ч илүү баярласан байж таарна?
-Улсын аваргын тэмцээнд үзүүлбэрээ үзүүлчихээд хойно тайзны ар талд байж байтал эхнэр минь ирээд хоёулаа тэврэлдээд асгартал уйлсан. Би ханийгаа бичих гэтэл гар салганаад бичиж чадсангүй гэсэн. Хөөрхий хань минь надаас илүү өвдөж байгаа шүү дээ. Би энд фитнесст сэтгэл тэнүүн явахад хань минь их нөлөөлсөн. Харихад халуун хоол цай бэлдээд тавьчихсан хүлээж суугаа болохоор би гэртээ харих хамгийн их дуртай. Ханьдаа их баярладаг шүү гэдгээ л дахин хэлмээр байна.
-Зам замын дотроос гэртээ харих зам хамгийн сайхан гэж үг бий. Хүн энэ амьдралын дундаас сайн ханиа олох хамгийн эрхэм зүйл шиг санагддаг?
– Сайн ханьтай хүн аливаа зүйлээс айх айдасгүй болчихдог юм билээ. Ханийн түшиг, нөмөр нөөлөг гэж байна. Миний хувьд надад ийм хань байхад үхсэн ч яахав гэж л бодогддог. Ер нь үхлийн тухай хангалттай хэдэн ч жил бодов доо. Тэгэхэд ар гэр, үр хүүхдээ аваад явчих хань минь үлдэнэ дээ гэж л сэтгэлд орж ирээд байдаг.
-Тал бие нь мэдээгүй байсан хүн тайзан дээр гараад үзэгч олны өмнө үзүүлбэр үзүүлэх тэр агшны мэдрэмжээсээ хуваалцвал?
-Заалаараа алга ташаад эхлэнгүүт сандардаг юм билээ. Тэгээд л “За, алдаж болохгүй шүү” гэдэг командыг өөртөө өгсөн. Хажуугаар нь бас уйлчих гээд байгаа юм. Уйлах л юм бол бүх юмаа баллачих гээд байдаг. Хүмүүст үлгэрлэе гэж гарчихаад өөрөө үлгэрийн далай болж болохгүй гэж өөрийгөө хянаж, загнаж их хичээсэн дээ.
Бид ийн ярилцлаа. Түүний явдаг фитнессийн төв шинэ жилээр олон номинациар шагнал гардуулдаг гэнэ. Энэ жилийн “Фитнесийн буг” номинацид жүжигчин Ё.Алтангэрэл их санаархаж буйгаа хэлсэн юм. Хэн ч ирсэн зааландаа байж байдаг үзүүлэлт болохоор тэр лав түрүүлнэ байх.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Н.Саранчимэг