Үндэсний цөөнхөөсөө суралцах зүйл их байна


Улсын баруун хязгаарт үндэсний цөөнх буюу казах иргэд төвлөрөн амьдардаг Баян-Өлгий аймагт өмнө нь үдлээд мордож байсан бол энэ удаа хонож тухаллаа. Өлгий хотод ургах нартай уралдан босч, буудлаасаа гараад, эргэн тойрноо ажлаа. Энд тэнд үйлчилгээний газрууд үүд хаалгаа хэдийнэ дэлгэсэн харагдана.

Халуун кофе уух сонирхол дийлж, өчигдөрхөн хоолыг нь амтархан идсэн “Арвин” ресторан, кофе шопыг зорив. Өглөөний 07:15 цаг. Хэдийгээр онгойх цаг нь болоогүй ч үйлчлэгч бүсгүй биднийг өглөөний цай бэлэн болтол тухлан суухыг урьсан юм.

Биднийг дотогш ороход хормогч, малгайгаараа ижилссэн зургаа, долоон бүсгүй зааландаа эгнэн зогсоод, зүрхэн дээрээ гараа тавьж, нүдээ анин зогсож байлаа. Танхимд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ.

Бармен охиноос яагаад чимээгүйхэн ийн зогсож байгаа талаар асуусан юм. Тэрбээр тус рестораны ажилтнууд өглөө бүр Төрийн дууллаа сонссоны дараа ажлаа эхлүүлж хэвшсэн талаар хэлж гайхшируулав.

Бодлоо, улсын нийслэл Улаанбаатарт маань Төрийн дууллаа эгшиглүүлэн байж өдрийн ажлаа эхлүүлдэг үйлчилгээний газар байдагсан бил үү гэж. Үнэнийг хэлэхэд байхгүй л дээ. Тэр бүү хэл өглөөний 07:00 цагт үүд хаалгаа нээгээд, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн угтан авдаг ийм газар бийсэн бил үү. Ингээд бодохоор бидэнд үндэсний цөөнхүүдээсээ сурах зүйл их байна даа.

Д.Эрдэнэтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *