Б.Сувдцэрэн: ТҮЦ-ээ ачуулснаас хойш Улаанхуарангаас номоо зөөж байна


Хуучин номын худалдаачин Б.Сувдцэрэнийг Time.mn онцолж байна. Түүнд уран зохиол, түүх, танин мэдэхүй зэрэг төрөл бүрийн ном бий. Тухайлбал 1780-аад оноос хойш бичигдсэн нэн ховор гар бичмэлүүд ч эх хувиараа байдаг аж. Гэвч хотын даргын шийдвэрээр ТҮЦ нь ачигдсанаас хойш өдөр бүр машинаараа номоо зөөдөг болжээ. Өдөр бүр машинаараа номоо зөөхөөр машинд нь багтахгүйгээс эхлээд олон асуудлууд тулгарч байгаа аж.

Хуучин номын худалдаа эрхлэгч Б.Сувдцэрэн: Би энд зогсоод 3 жил гаран болж байна. Сая түц-үүдийг ачихад минийх бас ачигдаад явчихсан. Ингээд савлаад ачаад өглөөдөө эргүүлж зөөгөөд, оройдоо буцаагаад ачаад явдаг. Дандаа уран зохиол, танин мэдэхүйн номууд бий. ЕБС-ийн номуудыг авчирч чадахгүй байгаа. Машинд багтахгүй, багтах хэмжээгээр нь зөөдөг. Нэг хайрцаг нь багадаа 50кг. Маш хүнд 15 хайрцаг ном машинд багтдаг. Манайх Улаанхуаранд байдаг. Тэндээс номоо зөөж авчирдаг. Өдөр болгон савлаж зөөгөөд, дээр дээрээс нь давхарлахаар хавтас, хуудаснууд нь муухай болоод байдаг юм. Надад 10000 гаруй ном бий. ТҮЦ-тэй байхад сайхан байлаа. Бороо шороо ороход хэцүү. Бороо ороход машин руугаа гүйгээд бүтээлгээ авчрах хооронд ном норчихдог. Хуучин бол шууд гаргаж ирээд л бүтээчихдэг байсан.

Номоо дэлгэх, хураахад ер нь нэг нэг цаг л зарцуулагддаг. Ном бол соёлын бараа түц-тэй харьцуулалтгүй. Хүн номоос бүхий л зүйлээ мэдэж байна. Ном бол ертөнцийг харах цонх гээд л өглөө босоод хүүхдэдээ миний хүү онц сураарай гээд гаргадаг шүү дээ. Тэгээд л хүүхэд чинь онц сурахын тулд номоос бүх мэдлэгээ авах жишээний.

Би 6, 3, 2 сартай гээд гурван хүүхэдтэй. Өглөөдөө 2 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд эндээ ирдэг. Гурав гурван насны зөрүүтэй болохоор эхнэр маань ажил хийж чадахгүй хүүхдүүдээ гэртээ хардаг. Заримдаа гурван хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь аваад л шууд над дээр хүрээд ирдэг. Гэрт удаан байсаар байгаад бүр уйдчихсан. Ядардаггүй юм уу гэхээр зүгээр шүү дээ гээд л хүрээд ирдэг. /Инээв/ Ийм амьдрал чинь гоё шүү дээ. Амьдрал иймээрээ л баялаг.

Боломж байвал түц-ээ тавьчих юм сан гэж бодох юм. Болохгүй бол яах вэ

Номоо зараад, ард түмэндээ соёлыг түгээгээд хүний хайсан номыг сайхан олж өгөөд баярлалаа гэдэг урмын үг аваад байж байх сайхан. Хүн юм чинь номын дэлгүүртэй болох юм сан гээд боддог юм. Тэгээд болох байлгүй дээ. Хичээж байхад болохгүй юм байхгүй дээ. Болно доо гээд л явж байна. Өр, зээл жаахан байгаа. Өглөө болгон хөдөлмөрлөхгүй бол хэдэн хүүхдийг минь хэн тэжээх вэ, өр зээлгүй хүн хаана байх вэ гээд л зүтгэж байна даа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

Би аялал жуучлалаар төгөссөн. Улаанбаатарт анх 2000 онд орж ирсэн Дундговиос. Ээж маань арслантай гүүрний тэнд хуучин ном зардаг байсан. Тэгээд л танилынхаа хүрээгээр ном зарж тийшээ суугаад уламжлагдаад явж байгаа. Номын цагаан буян сайхан. Номын цагаан буяндаа өнөөдөр амьдраад л явж байна.

-Номоо хаанаас, яаж цуглуулдаг вэ?

Ер нь хувь хүмүүсээс. Би хаягаар нь ном очиж авна гээд биччихдэг юм. Тэгэнгүүт хүмүүс дугаараа өгөх нь өгөөд утас авч явах нь явна. Тэгээд залгадаг. Надад 1780-аад оноос авхуулаад хуучны номууд бий. Энэ гэхэд хүний гар бичмэл ганцхан хувь бичигдсэн. Бүрэн гүйцэд байж байгаа байхгүй юу? Хавтас нь хүртэл даавуу, энэ шашны доржзодов гэдэг ном, монгол бичгээр бичсэн. Номыг скочдох ер нь хэрэггүй. Номын үнэ цэнийг бууруулдаг. Энэ гэхэд 1947 онд Цэндийн Дамдинсүрэнгийн бичсэн Монголын нууц товчоо Монгол бичгээр бичигдсэн. Энийг Өвөр Монголчууд авсаар байгаад дууссан. Монголд их цөөхөн бий. Өвөр Монголд монгол бичиг устаж байгаа болохоор яг ийм номуудыг их худалдаж авдаг. Тэгээд 1947 оны ном байна. Энэ болохоор 1887 онд Чехийн эрдэмтэн Монгол, Төвөдөөр аялсан, аяллын тэмдэглэл, газрын зурагтайгаа ийм ном байгаа. Энийг Чех улсын Монгол судлаач эрдэмтэн хүнээс номоор сольж авч байсан юм. Чех хэл дээр бичигдсэн. Ном бол соёлын бараа түц-тэй харьцуулалтгүй. Идэх уух юм зарж байгаа биш.

-Ямар хүмүүс таны номыг илүү сонирхдог вэ?

Ер нь залуучууд ихэвчлэн сонирхдог. Хүмүүс залуучуудыг ном уншдаггүй гэдэг надаас ном худалдан авдаг хүмүүсийн 70-80 хувь нь дандаа залуучууд байдаг. Манай энэ хавийн ахмадууд гэртээ ном, сонин, телевизээ хараад над дээр ирж хуучилна. Тэгээд л хүүш чиний түц хааччихав чамайг яагаад ачуулчхав гээд асуудаг. Би фантом гээд номын групп фейсбүүк дээр нээсэн байнгын үйлчлүүлэгч зөндөө бий.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *