Солонгосоос ирсэн илгээлтийн эзэн


Зуны дэлгэр цаг хаяанд ирж нийслэл хотын цэлгэр гудамжаар олон мянган хүн алхана. Хүмүүсийн хамгийн их алхдаг хэсэг бол Улсын их дэлгүүр, фантом буюу Beatles-ийн хөшөө. Энэ зүгт нэгэн гоёмсог хөгжмийн дуу сонсогдоно. Энэ дуу саксафон хөгжмийн аялгуу аж. Саксафон хөгжмийн зөөлөн аялгууг сонссон хүмүүс бага багаар ойртож гар утсаараа зураг бичлэг хийж сонирхож байлаа. Хүмүүсийн анхаарлыг ийнхүү татаж буй хүн БНСУ-ын иргэн Ким Сон Жин аж. Тэрээр Саксафон хөгжим тоглож, олон нийтээс хандив цуглуулдаг. Цуглуулсан мөнгөөрөө ядарч, зовсон хүмүүст тусалдаг илгээлтийн эзэн гэнэ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Монголд хэзээ ирсэн бэ?

Би Монголд 16 жилийн өмнө анх удаа ирж байсан. 16 жилийн турш Монголд амьдарч байгаа. Намайг Ким Сон Жин гэдэг.  “МК” Солонгосын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Мөн Налайх дүүрэгт байдаг цуглаанд томилогдож ирсэн пастор хүн. Коронагаас хойш “Монголчуудын амьдрал ахуй, амьжиргааны түвшин хэцүү болсон хүмүүс их байна” гэдэг мэдээ хорооноос авсан. Тэгээд хувиараа хөгжим тоглоё гэж анх эхлүүлж байсан. Одоо энэ хөгжмийг 4 жилийн турш тоглож байна.  

-Ямар хүмүүст тусалдаг вэ?

Өнгөрсөн хугацаанд БЗД-ийн 19,16, 13, 40-р хорооны 85 айлд бодит тусламж үзүүлсэн. Энэ жил өрх айлын тоог 90-95 болгоё гэсэн бодолтой байгаа. Нэг удаагийн үйл ажиллагаагаар бодит тусламж үзүүлэхдээ хороонд өрх толгойлсон эмэгтэйчүүд юм уу нэн ядуу гэр бүлүүдэд гурил будаа, мөнгөн тусламжийн хандив өргөдөг. Мөн хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өгдөг. Хичээлийн шинэ жилээр тохиолдуулаад бага анги, дунд ангийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл буюу цүнх, бал, дэвтэр зэрэг хэрэгтэй бүх зүйлүүдийг авч өгдөг.

-Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Төлөвлөсөн зүйл бий юу?

Энэ удаа БЗД-ийн 19-р хорооны нэн ядуу өрхийн 25 хүүхдэд бэлэг бэлдсэн байгаа. Энэ үйл ажиллагаа маань 5-р сарын 30-ны өдөр хороон дээр болно.

-Ямар ая тоглодог вэ? Хүмүүс ямар сэтгэгдэл үлдээдэг вэ?

Өнгөрсөн хугацаанд Солонгос поп дууны аяыг тоглодог. Энэ удаа Монгол дууны аяыг тоглох хүсэлт хүмүүсээс ирсэн. Тэгэхээр 2026 ондоо Монгол дууны ая тоглодог больё гэж төлөвлөсөн. Хөгжим тоглож байхад балчир хүүхдээс эхлээд өндөр настнууд их сонирхож хандив өгөөд явдаг. Хүмүүсээс “ямар гоё хөгжим бэ? сонсоход сонсголонтой байна” гэдэг үгсийг хамгийн их сонсдог. Зарим хүмүүс шууд ирээд баярлалаа гээд сэтгэгдлээ илэрхийлдэг. Бүр зарим нь шууд хажууд ирээд зайрмаг, кофе, ундаа тавьчхаад яваад өгдөг. Энэ бүх сэтгэгдлийг авахдаа Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй юм байна. Мөн зориг гаргаад хөгжим тоглож байгаа маань хоосонгүй юм байна гэж боддог.

-Энэ хөгжмийг хэзээ тоглож сурч байсан бэ? Ямар мэдрэмж авдаг вэ?

Анх сонирхож хоббигоороо тоглож эхэлсэн. Одоо тоглоод 10 жил болж байна. Корона вирусийн үед гэртээ жил гаруй хугацаанд юу ч хийж чадахгүй сууж байсан. Корона өнгөрөөд ямар ч байсан хүмүүст хөгжмийнхөө аялгуугаар сайхан сэтгэгдэл үлдээе гээд зориглоод гараад ирсэн байгаа.
Монголд 16 жилийн өмнө ирсэн гэж байна. Анх ирсэн сэтгэгдэл ямар байсан. Одоо ямар өөрчлөлтүүд орсон байна.

Маш их зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ Монголын сүүлийн хэдэн жилийг Солонгос соёлтой харьцуулбал маш их ойртож ирж байгаа.

-Монголд хамгийн идэх дуртай хоол, өмсөх дуртай хувцас юу вэ?

Миний хувьд монгол хоолноос хуушуурт хамгийн их дуртай. Тэгээд Монгол дээл өмсөх дуртай. Наадмаар ер нь адилхан хөгжмөө тоглоод өнгөрдөг.

-Хаагуур хаагуур тоглодог билээ.

Цэцэрлэгт хүрээлэн болон Улсын их дэлгүүрийн урд талын фантом, Мишээл экспогийн цэцэрлэгт хүрээлэн, мөн сүүлийн үед шинээр нээгдсэн Рио паркийн тэнд очиж тоглодог.

-Энэ  хэсгээр жуулчид их явдаг. Жуулчид таныг хараад юу гэж хэлдэг вэ. Ялангуяа Солонгос хүмүүс их явдаг шүү дээ.

Зун болохоор Улаанбаатар хотын энэ хэсгээр жуулчид маш их явдаг. Тэгээд Солонгос хүмүүс ирээд ярьж байхыг нь сонсохоор “намайг монгол хүн гэж боддог, энэ монгол хүн юм биш үү” гэж ярьж байхыг нь олон сонссон. Цаашдаа энэ хөгжмөө тоглоод өшөө илүү олон гэр бүлд туслахыг хүсэж байна.

,

One response to “Солонгосоос ирсэн илгээлтийн эзэн”

  1. Өөрийнхөө авьяасаараа дамжуулан бусдад тусалж сэтгэлийн дэм болж байгаад баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *