Волейболын эмэгтэйчүүдийн “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээн Вьетнамын Ханой хотод зургаадугаар сарын 7-нд эхэлнэ. Энэ удаагийн цомын тэмцээнд нийт 11 улсын шигшээ баг өрсөлдөх юм.
Манай улсаас эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ жил ахин өрсөлдөхөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлаж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн билээ.
Ингээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээс эцсийн байдлаар 14 тамирчныг сонгон шалгаруулж шигшээ багаа бүрдүүлээд байна. Тодруулбал эмэгтэй шигшээ багийг спортын мастер П.Энххүслэн ахлах бол тамирчдын бүрэлдэхүүнд Г.Энхнаран, Б.Нинжболор, Г.Хандсүрэн, Б.Амарбаясгалан, Н.Номин, Г.Энхзул, Г.Саруулгэрэл, Д.Анужин, Д.Намуун, О.Эрдэнэ-Энх, М.Санчирмаа, Э.Анударь, С.Нарангуа нар багтсан.
Манай шигшээ багийн дундаж нас 24 бол хамгийн залуу тоглогч нь “Улаанбаатар финикс”-ийн тамирчин Б.Амарбаясгалан аж. Түүний хувьд 19 настай.
Харин ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагчаар спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтөгс, трэйнерээр М.Энхболд, статистикийн мэргэжилтнээр Д.Отгонхүү нар ажиллаж байгаа юм.
Эмэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн жилийн Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож VII байр эзэлж байсан. Тэгвэл энэ удаа медаль хүртэх зорилготойгоор хоёр сарын хугацаанд тасралтгүй, бэлтгэл сургуулилтаа базаасан юм. Манай баг тамирчид ирэх сарын 4-нд эх орноосоо мордож Вьетнамыг зорино.
Монгол Улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь
Зургаадугаар сарын 7: Монгол-Филиппин /16:00 цагт/
Зургаадугаар сарын 8: Казахстан-Монгол /11:00 цагт/
Зургаадугаар сарын 9: Монгол-Шинэ Зеланд /21:00 цагт/
Зургаадугаар сарын 11: Индонез-Монгол /18:30 цагт/
Зургаадугаар сарын 12: Монгол-Иран /13:30 цагт/