Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл хүлээлгэнэ гэдэг эргэлзээтэй


Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардсан жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. Харин Ерөнхий сайдад тэдний дуу хоолой хүрэх нь битгий хэл жагсагчдын шаардлагыг сонсож хүлээж авч байгаа шинж алга байгаа юм. Түүний байгуулсан хамтарсан засгийн газар тарах нь тодорхой болж АН засгаас гарах улс төрийн мэдэгдлээ хийчхээд байхад ч Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэхийн тулд элдэв арга чарга эрэлхийлсээр. Энэ удаагийн түүний Ерөнхий сайдын суудалдаа шигдэж үлдэх арга нь УИХ-аас итгэл үзүүлэхийг хүсэх байв. Үндсэн хуулиар олгосон энэ боломжийг ашиглах гарцаа тэрээр тодорхойлохдоо “улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дэвшүүлсэн бодлого зорилтоо тогтвортой тууштай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байлаа. Итгэл хүлээлгэхийг гуйсан  төслийг ирэх даваа гаригт УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.  Парламентыг төгөлдөршүүлэх гэдэг агуулга нь Л.Оюун-Эрдэнийн ПР-ын багийнхнаас явуулсан засаглалын хямрал үүсэж, Ерөнхийлөгчийн засаглал руу явах аюул үүсэж мэднэ гэсэн айлгах тактиктай дүйж байгаа юм. Харин Ерөнхий сайдын явуулж байгаа энэхүү айлгах тактик үндэслэлгүй болохыг Төрийн тэргүүн өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байр сууриараа нотоллоо. Тодруулбал Ерөнхийлөгчийн үгэнд “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” хэмээн мэдэгджээ.

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хооронд асуудал үүсэж энэ нь МАН-ын бага хурлын шийдвэрээр албажсан болох нь өнөөдөр улс төрд өрнөж байгаа дээрх үйл явдлуудаас тодорхой ажиглагдаж байна. Гэвч Л.Оюун-Эрдэнийг одоогийн албан тушаалд нь хөтөлж хүргэж ирсэн хүн бол Ерөнхийлөгч өөрөө яах аргагүй мөн. Ухнаагийн Хүрэлсүх 2020-2021 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүний засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлыг Л.Оюун-Эрдэнэ хийж байсан түүхтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа  Л.Оюун-Эрдэнэд өгч өөрөө сонгуулийн сунгаандаа бэлтгэж эхэлсэн байдаг. Улс төрд мөнхийн нөхөрлөл, дайсагнал гэж байдаггүй. Харин мөнхийн ашиг сонирхол бий гэдэг.

Хоёулаа гарал үүслийн хувьд Хэнтий аймгийн угшилтай гэдэг утгаараа цагтаа хуурай ахан дүүгийн харилцаатай явсан тэд нэгнийхээ духан дээр үнсэж амжилт хүсэж явсан дотно холбоотнууд. Харин одоо Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд засаж өгсөн жимээ татан авахыг хүсэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Ерөнхий сайд магадгүй Төрийн тэргүүн лүү  түрүүлж “чулуу шидэж” хагарлыг өөрөө эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Төрийн өндөрлөгт суугаа 1 намын 3 хүний 2 нь хоорондоо эрх мэдлийн “дайн” өрнүүлж байгаад 3 дахь нь буюу их хурлын дарга цэг тавих үүргийг ирэх 7 хоногт хүлээгээд байна. Гэхдээ спикер олон намын төлөөлөлтэй парламентыг тэр дундаа 68 гишүүн нь МАН-аас сонгогдсон их хурлыг өөрийн зоргоор чиглүүлэх бололцоо үндсэндээ байхгүй. Ялангуяа төрийн тэргүүний нөлөө намын даргын суудлыг ганхуулах хэмжээнд нам дотроо том байхад парламент Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэнэ гэдэг эргэлзээтэй сэдэв.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс Авлигатай тэмцэх уриатай гарч ирж олон нийтийн дэмжлэгийг чамгүй хүртсэн улс төрч. Гэвч түүний авлигатай хийх тэмцэл эцэстээ өөрийнхөө хөрөнгө орлогыг ч тайлагнаж чадахгүй хэмжээнд явааг ард түмэн харлаа. Түүний оруулж ирсэн хуулийн төсөл, төсөл хөтөлбөрүүдийг бүгдийг Парламент ногоон гэрлээр хэлэлцэж дэмжлэг үзүүлсээр ирсэн түүх бий. Ерөнхий сайд болмогцоо Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийг УИХ-д яаралтай горимоор оруулж ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ хууль батлагдаагүй гацсан. 2 жилийн өмнөөс баялгийн сангийн тухай ярьж эхэлсэн ч өнөөдөр мөн л тодорхой урагшилсан зүйл алга байна. Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцэл Монгол улсын авлигын индексийг ч урагшлуулж дийлээгүй.

Энэ бүхнээс харахад түүний хамгийн их лоозогносон бүхэн яриа болон цуурайтсанаас өөрөөр хөрсөн дээр бууж биеллээ олсон зүйл алга байгаа юм.

Монгол улсын засгийн газрыг толгойлж яваа Л.Оюун-Эрдэнийг гадаа гудамжинд эсэргүүцсэн жагсаал өрнөөд хагас сар болж байгаа бол төрийн түвшинд түүнийг үлдэх эсэхийг дэнслэх шийдвэрийг парламент шийдэх  болж байна. Гэхдээ ард түмнээс сонгогдсон төлөөлөл нь Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг шийднэ.  Ард түмний төлөөлөл болсон 126 гишүүн хэрхэн шийдэхийг ард түмэн анхааралтай ажиглаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *