Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Хакүхо буюу Миягино ояката Японы сүмо бөхийн холбоонд халагдах өргөдлөө өгсөн байна. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд холбоо түүний хүслийг зөвшөөрөлгүй, дахин хэлэлцэхээр болсон гэнэ.
Ирэх 7 хоног буюу зургаадугаар сарын 2-нд Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хаагдаад байгаа Миягино дэвжээний цаашдын хувь заяаг ярилцаж, шийдэх юм.
Дэвжээний бөх нь хэрэг тарьсны улмаас Миягино дэвжээг хаах шийдвэр холбоо гаргасан. Гэхдээ нэг жил гэж тогтоож байсан юм. Харин нэг жил өнгөрсөн ч холбоо Миягино дэвжээг дахин нээх талаар ярихгүй байгаад мэдээж ояката сэтгэл дундуур байх нь аргагүй.
Холбооны нэгэн оякатагийн ярьснаар Хакүхо сүмо холбооноос гарах шийдвэрээ өөрчлөхгүй, сүмог орхих нь лавтай болоод байгаа ажээ. Миягино дэвжээнд ойрхон эх сурвалжаас үзэхэд Миягино ояката Зуны тэмцээний үеэр сүмог орхихоор шийдэж, дэмжигчид, ивээн тэтгэгч нартаа хэлсэн байна. Шавь Хокүсэйхогийн хэргийн улмаас Миягино дэвжээ хаагдаж, бөхчүүд нь Исэгахама дэвжээнд шилжээд нэг жил өнгөрлөө. Гэвч холбооноос Миягино дэвжээг нээх шийдвэр гаргахгүй хэвээр л.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ