Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар (тавдугаар сарын 30) лабораториор улаанбурхан өвчний батлагдсан 4274 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 2793 нь бүрэн эдгэрээд хяналтнаас гарчээ.
Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 551, гэрээр 938, эдгэрсэн 2793, хавьтал 44 774, нас баралт 2 байна.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Тиймээс дархлаажуулалтдаа хамрагдаагүй хүүхдүүд 1-2 тундаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна. Бид ЕБС-иудад зөвлөмж, зөвлөгөө хүргүүлэн ажиллаж байгаа. Сүүлийн хоёр долоо хоногт улаанбурханы ачаалал нэмэгдэж байна.
Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар тархдаг. Нийт батлагдсан тохиолдлуудын ихэнх нь 10-14 насны хүүхдүүд байна. Мөн 0-8 сартай хүүхдүүдийн вакцины нас болоогүй учраас нийгмийн харилцаанд орж байгаа гэр бүлийн бусад гишүүдийг дархлаажуулалтдаа бүрэн хамрагдахыг анхааруулав.

Мөн ЕБС-иудын зуны амралт удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан зуслангийн сургалт, хуваарь гарсан. Эдгээр үйл ажиллагаа явуулах албан байгууллагууд руу ХӨСҮТ-өөс албан тоотоор зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах гэж байгаа албан байгууллагууд уг зөвлөмжийг дагаж, мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Зуслангийн байгууллагууд 1-2 тундаа бүрэн хамрагдсан хүүхдүүдийг авахыг зөвлөв.