Х.Болортуяа Дэлхийн чансааны тэмцээнд аваргын төлөө барилдана


“Буянт-Ухаа” ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 57 кг-ын жинд Монголын бөх Хүрэлхүүгийн Болортуяа аваргын төлөө барилдахаар шалгарлаа.

Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай манай бөх “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Туркийн тамирчин, Европын АШТ-ий үзүүр бөх, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий 1 хүрэл, U23 ангиллын Европын АШТ-ий алт, мөнгөн медальтай Элвира Сулеман Камалоглуг 4:0-ээр буулгаж авсан юм.

Тэрбээр аваргын төлөө Энэтхэгийн бөх, U17 насны дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий гурван түрүүтэй Неха Нехатай барилдах болно.

Харин эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар Энэтхэгийн бөх, өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй, U23 ангиллын Азийн аварга Нилам Ниламтай хүрэл медалийн төлөө барилдана.

Мөн 53 кг-д Ч.Отгонтуяа, О.Ариунзаяа гэсэн Монголын хоёр бөх хүрэл медалийн төлөө хоорондоо барилдахаар болоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *