Өнгө өнгийн гоёмсог дээл өмссөн эхнэрүүдээ хүлээн зогсох эр нөхөр, ээжээ харуулдан ширтэх энхрий үрсийн хөл хөдөлгөөнд дарагдаж Төв талбай хэдэн өдөр бужигналаа.
Ягаан, цэнхэр, улаан, хөх, цагаан дээлтэй мянга мянган ээжүүдийн дунд энгийн нэг “Ногоон өнгийн нөхөөстэй дээл” өмсөж элдэв зүүсгэл гоёлгүй, энгэртээ одонгоо зүүсэн ээж олны нүдийг хужирлав. Энэ хүн бол 1-9 насны 4 хүүхдийн ээж Э.Нямцэцэг.
Түүний хувьд “Алдарт эхийн одон”-гоо нөхөөстэй дээл өмсөж, элдэв зүүсгэл гоёл зүүхгүйгээр авсан юм. Монголын ээжүүд үр хүүхдээ эндүүлэхгүй, эрүүл өсгөх гэж жил бүрийн утаат өвлийг арай гэж давж байна. Хөдөлмөрлөж, зүтгээд үр хүүхдэдээ боловсрол олгож, эрүүл байлгаж чадахгүй байгаа юм биш харин улс эх орныг удирдаж буй хүмүүстэй холбоотойг ойлгосон учраас нөхөөстэй дээлээр дамжуулан өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн нь энэ.
“Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонтой ээж Э.Нямцэцэг: Энэ өдөр ээж хүн болсны хамгийн алдаршагдмаар, бахархалтай өдөр. Ээжүүд маань хамгийн гоё ганган дээрээ тавиад ирсэн нь зүй ёсны хэрэг. Хувцаслалт дээрээ тайлбар өгөх нь илүүц байх. Бид бүгд адилхан байгаа биш гэж үү? Чамин ганган дээлний ард бүх ээжүүд ядарч туйлдсан байгаа” гэв.


Тэрээр Дэлхийн олон улсаар явж үзжээ. Ингэхдээ хүүхдүүд эх орондоо энх амгалан, өвдөхийн зовлонгүй сайхан амьдарч байхыг харсан байна. Харин Монголд ирэхэд үр хүүхдүүд нь эмнэлгээс эмнэлгийн хооронд амьдарч, эм тариа идэж өсөж байна хэмээн онцолсон юм.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэж байна. Мөн энэ оноос “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлж олгохоор болсон.
Гэвч өвөл болоход утаа униар дунд эмнэлгийн хүйтэн шалан дээр багшралдан хэвтэх ээж үрс, эмнээс эмний хооронд эцэж туйлдаж байгаа нь яах аргагүй үнэн бодит байдал юм.
Одонтой ээж Э.Нямцэцэг: Энэ өвлийг үнэхээр чанга давлаа. Хүүхдүүд эм тариа идэж өсөж, эмнэлгээс эмнэлгийн хооронд байна. Эмнэлэг нь хүртээмжгүй байна. Хавар ч гэсэн өвдөж байна. Дэлгэр зун ирэхэд хэдэн баярын дунд дахиад өвөл ирэхгүй юм шиг байдаг. Утаа униар хүүхдүүдийг маань бага, багаар идэж байгаад маш харамсалтай байна. Ээжүүд маш их хөдөлмөрлөж, зүтгэсэн ч хүүхдүүддээ хүний дайтай боловсрол олгож чадахгүй байна. Хөдөлмөрлөж зүтгээд хүүхдээ боловсрол олгож чадахгүйдээ биш улс орныг удирдаж байгаа хүмүүс биднийг ингэж амьдруулж байна” гэлээ.
Өнгийн дээлсээр ижилсэн, нүүрэндээ мишээл тодруулсан ээжүүдийн буруу ч энд байхгүй. Гагцхүү ээжүүд ядарч туйлдаж байна. Энэрэн нигүүлсэж, сайхан амьдрах, нуруу тэнийх зай завсар өгөөч. Монголын үрс маш олон болог. Гэхдээ эрүүлээр, энх амгалангаар гэдгийг нөхөөстэй дээлээр “Алдарт эхийн одон”-гоо хүртсэн Э.Нямцэцэг гуйлаа.
Бүхнийг хүүхдийн төлөө. Хүүхдийн төлөө “За” гэж хэлье гээд л байдаг. Үнэндээ өнөөдрийн төр, түүнд ажилладаг дарга нар Монголын үрсийг харааж байх шиг. Манай улсад 2020 оноос хойш хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тоо 20 мянгаар цөөрсөн гэсэн статистик үзүүлэлт бий. Хүүхэд төрүүлсэн гэж эхийн энгэрт одон зүүхээсээ өмнө нийгмийн гажуудсан тогтолцоогоо засах хэрэгтэй байна.
Уг нь энгэрт нь одон зүүхээсээ өмнө эрүүл агаар, ээлтэй орчин, хүртээмжтэй боловсрол, хүүхэд өвдөхөд үзүүлэх эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, ээж аавууд ирээдүйд нь хуримтлал үүсгэх цалин хөлс энэ бүгдийг шийдчихвэл ч …