Д.Нарантуяа-Нара: “Шанел”-ын цүнхгүй хэн энд байгаа юм


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 126 гишүүний 107 нь оролцож байна. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан нар ирсэнгүй. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Пунсалмаа, Б.Түвшин, А.Ундраа нар мөн таслав. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Мөнхбат нар гадаадад томилолтоор яваа аж. Г.Уянгахишиг, Г.Хосбаяр нар эмнэлгийн чөлөө авчээ.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Нарантуяа-Нара:

-Яг одоо энэ хурлын ирцийг иргэд хараасай. Энэ хуралд ирээгүй гишүүд бол алиных нь ч талд орж чадахгүй, ацан шалаатай, алцагнасан гишүүд байгаа.

Би энд орж ирсэндээ харамсаж байна. Би энд орж ирээд, хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө алаад өгөх юм байх гэсэн чинь Монгол Улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн эрх ашиг болсон, тэдний хандив мөнгөөр орж ирдэг ийм л газар байдаг юм байна. Би бараг л өдөртөө олдог инфлүүсэрийнхээ цалинг сард 2 хувааж аваад, хулгайч нарын 1 болоод дуудуулаад явж байна.

Монголын ард түмэн болоод энэ их хурлыг 3 хувааж болж байна, миний ажигласнаар. Эрх ашгийн талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод их хурлын гишүүд. Аль нь зөв юм бол гэж эргэлзээд явж байгаа иргэд болоод УИХ-ын гишүүд. Засаг төр тогтвортой байгаасай гэсэн иргэд болоод УИХ-ын гишүүд.

Та нар “Шанел”-ын цүнх хараад, гайхаад байх юм. Энд “Шанел”-ын цүнхгүй ядуурчихсан гуйлгачин амьтан хэн байгаа юм, та нарын дунд. Ийм байж гэнэн хонгорчуудын дүрд тоглож байгаа та нарыгаа хараад би үнэхээр гутарч байна.

Улаанбаатар хотын А бүсэд байгаа энэ үнэтэй хотхон, орд харш таунууд чинь хэнийх юм бэ? УИХ-ын гишүүд та бүхнийх биш үү? Энэ бүхний чинь мөнгийг тоолох юм бол юун “Шанел”-ын цүнх, 17 саяын бөгж шүү дээ.

Аливаа зүйлийн үнэнийг мэдэх ямар гачлантай байдаг юм бэ? Үнэнийг мэдчихээд хэлж чадахгүй байх ямар гачлантай юм бэ? МАН-ынхаан! Та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар бүх ард түмнйи боломжийг хувааж авдаг. Өнгөрсөн хугацаанд бүх ЖДҮ, концесс, тендер гээд бүгдийг хувааж авдаг. Гадаа болж байгаа жагсаал бол та нарын энэ бүхнийг хувааж авах гэсэн… Худлаа биш ш дээ. Хэн чинь уул уурхай, боловсролын сайд болох гээд явж байгаа чинь тодорхой байгаа ш дээ.

Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй явж байхад “Эм Си Эс”, Монголын ард түмний баялгийг хуу хамдаг компаниуд яахаараа НӨАТ-аа тэглүүлээд байдаг юм бэ? Би шударга хэлнэ. Би та нарын аль ч талынх нь дэмжлэгээр энд орж ирээгүй учраас шууд хэлнэ. Хэн чинь сайд болох гээд явж байгаа чинь тодорхой байгаа ш дээ. Хэзээ байхдаа та нар ард түмэнд хайртай байсан юм. Дандаа ард түмний нэрийг барина.

Сайд болох гээд л явж байгаа ш дээ. Та нар өнөөдөр 1 хүнээрээ туг тахиад буух гэж байгаа шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *