АН-ын бүлэг хурлаа завсарлав. Шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид дараах зүйлсийг тодрууллаа. Л.Гантөмөр:
-Бид 8 ингээд өргөдлөө биччихсэн. Одоо би энийг оруулж өгөх гээд явж байна.
-Хүлээж авахгүй бол яах вэ?
-Авна ш дээ. Хүлээж ав гээд МАН-ын бага хурал шийдвэрээ гаргачихсан. Ерөнхий сайдын тухайд би энд ийм тийм гэж хэлэх нь жудаггүй хэрэг болно. Би хамт яваад, Монгол Улсын эрх ашиг 1-т гээд, Баялгийн сангаа бий болгохыг зориод, 14 мега төслөө хөдөлгөе гэж өнөөдрийг хүртэл олон шуурган дундуур хамт зүтгэчхээд, би өнөөдөр Ерөнхий сайдыг ийм тийм гэж ярих нь жудаггүй хэрэг болно оо. Та бүхэн надаас тийм жудаггүй байдал битгий шаардаарай. Итгэл үзүүлэх эсэх нь Их хурлын бүрэн эрхийн асуудал.
–Танай намын гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар саналаа өгөөд явах уу?
-Хувь гишүүнийхээ хувиар саналаа өгөөд явна. Одоогийн байдлаар ямар байдлаар санал хураах вэ, ямар дүгнэлт гаргах вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна. Жишээлбэл: Итгэл үзүүлэх эсэх чинь 3 зүйл дээр томьёологдоод байна шүү дээ. 1 нь Баялгийн сан. Бид бол Баялгийн сангийн эсрэг биш байна гэдгээ манай бүлгийнхэн хэлж байгаа. Нөгөөдөх нь мега төслүүд. Мега төслүүд хөдөлж байж Монголын эдийн засаг хөгжинө. Хамтарсан Засгийн газар бол яалт ч үгүй монголчууд эв эеийг сахих өдрүүдэд, хүнд үедээ эв эеэ сахихаас өөр аргагүй ээ. Сайн сайхан үедээ эргэж мэтгэлцээд явдаг ийм өдрүүдийн тухай. Яг одоогоор бол 8 сайд өргөдлөө өгчихсөн. Бид цаашид МАН-тай хамтарч ажиллах боломжгүй.
–Танай намын хүмүүсийг ажилд нь үлдээнэ гэсэн мэдээлэл байна. Таныг бас албан тушаалд томилох мэдээлэл бий?
-Улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийг үлдээнэ, гаргана гэж тохиролцох эрх бидэнд байхгүй. Улс төрийн ерөнхий том ойлголцол энд хүрээд зогсож байна. би 1 зүйл хэлээд байгаа шүү дээ. Улс орны эрх ашгийг улдан эсэргүүцсэн улс төрийн шийдвэрийг бид гаргахгүй. Одоо бол итгэл үзүүлэх эсэх асуудлыг тойроод бүлэг хэлэлцүүлэг хийж байна. Олон янзын бодол, санаа байна. Цаашдын засаглал ямар байх вэ. Дараагийн Ерөнхий сайд нь яг хэн болох юм бэ. Гэх мэтчилэн тойроод ярьж байгаа зүйл зөндөө байна.
–АН-ын бүлэг нэгдсэн шийдвэртэйгээр УИХ-ын чуулганы танхимд орох уу, эсвэл?
-Нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө хичээж байна.
–Ерөнхий сайдад АН-ын бүлэг итгэл хүлээлгэхгүй гэдэг нэгдсэн байр суурьт хүрч, гарын үсэг зурсан юм биш үү?
-Гарын үсэг зурсан юм би анзаарсангүй. Намайг хэн нэгэн ирж гарын үсэг зур гэж хэлээгүй. Сая бид тойроод юмаа ярьж байна л даа. Энэ асуудлыг хэлэлцэхэд хугацаа бачим байна. Магадгүй хугацаагаа сунгаад, хуралдах байх.
-Танай намаас томилогдсон БЭТ-үүд яах вэ?
-Асуудлаа 1, 1-ээр нь шийдье.
–Танай намаас ажилд орсон хэчнээн хүн байгаа вэ? 1000 гаруй хүн гэж яриад байна.
-Мэдэхгүй. Би яаж тэр тоог мэдэх юм.
-АН-ын 8 сайд огцрох өргөдлөө өнөөдөр өгч байгаа нь ямар учиртай юм бэ? Тохиролцсон юм уу?
-Тохиролцоогүй л дээ. Өнгөрсөн 3 дахь өдрийн Засгийн газрын хурлын дараа “Бичгээ бэлдээрэй” гэж би О.Алтангэрэл сайдад үүрэг өгсөн. 4 дэх, 5 дахид надад авчирч өгч амжаагүй. Өнөөдөр ажлын эхний өдөр. Ажлын эхний өдөр л хүргэж ирж өгч байгаа юм.
–АН-ын гишүүд сонгодог парламентыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэх тогтоолын төсөл боловсруулж байгаа юм уу? Номтойбаяр гишүүн тэгж дурдсан.
-АН-ын бүлгийн гишүүд 1-рт Ерөнхийлөгчийн засаглал, 2-рт Ерөнхийлөгчийн засаглалын тухай санал асуулга явуулах, 3-рт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийхгүй гээд Тэмүүжин гишүүн санаачилга гаргаад, гарын үсэг зурчихсан шүү дээ. Тэрийг л ярьж байгаа юм.