УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг нотлох асуудлыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 3 долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудал үүсэж, таныг орлогоо нотлохыг олон нийт шаардаж эхэлсэн. Гэвч сүүлдээ итгэл хүлээлцэх асуудал болоод, өнөөдөр их хурал дээр яригдаж байна. Энэ асуултад та түрүүлээд хариулах нь зүйтэй байх. Өчигдрөөс эхлээд сошиал орчинд энэ асуудал илүү хурцдаж, УИХ-ын гишүүд рүү ч дайралт ирэх боллоо. Орлогоо нотлох явц ямар шатандаа яваа талаар эхлээд мэдээлэл өгөөч?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 5 дугаар 14-ний өдөр Гашуунсухайт, Ганцмод боомтод хэлэлцээр явуулж байхад хүүтэй холбоотой асуудал үүссэн. Тэр үед ирээд л АТГ-т мэдээллээ өгсөн. Мөн хүүтэйгээ уулзсан. Нэг бүсгүйтэй үерхэж, хайр сэтгэлтэй болсон нь үнэн юм билээ. Тэр бүсгүй нь жирэмсэн болоод, 17 сая төгрөгийн бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч бэлэглээд, гэрлэхийг гуйсан байна лээ. 23 настай залуу бол бие даасан санхүүгийн чадамжтай хүн. Би 23-тай байхдаа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Би 2 хүүдээ “Хэл ам дагуулалгүй, бага асуудалтай байгаарай” гээд захиад явдаг. Миний хөрөнгө, орлогын мэдээлэл ойлгомжтой. Нээлттэй байдаг. “Хөлөг”, “Херо” гээд. Хүү маань багаасаа л сонирхлынхоо дагуу контент хийдэг байсан. Аав маань зураач хүн байсан. Надад зурах авьяас байхгүй. Харин хүү минь авьяастай юм билээ. Миний хувьд хөрөнгө, орлого болоод, янз бүрийн асуудал байсан бол эхнээсээ энэ галтай ажил руу орохгүй байсан.