УИХ-ын гишүүн Ө.Шижир: АН-ын гишүүдийн дунд бүлгийн шийдвэрийг өөрчлөх ямар нэгэн яриа тохироо огт байхгүй


УИХ-ын гишүүн экс Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд ирж АН-ын бүлгийн гишүүдийг хайрцаглах гэж оролдож байгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодруулга авлаа.

-Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дарга Л.Гантөмөрийн өрөөнд гишүүдийг нэг нэгээр нь дуудаж чиглэл өгч байгаа тухай мэдээлэл гараад байна. Та сая уулзсан уу?

-Үгүй ээ. Л.Гантөмөр даргын өрөө чуулганы танхимтай хамгийн ойрхон өрөө учраас орж цай уусан юм. Энэ өрөөнд Л.Гантөмөр дарга, Ц.Мөнхтуяа гишүүн л байна шүү дээ. Бид бүлгийн шийдвэрээ гаргасан. Бид бүгдээрээ бүлгийн шийдвэрээ дагана гээд шийдчихсэн байгаа.

-Танай нам бүлгийн хурал дээрээ санал хуваагдаж 116 гишүүн “Итгэл хүлээлгэх” тогтоолыг дэмжинэ гэж хаяж гарсан гэдэг мэдээлэл яригдсан.

-Тийм юм болоогүй. Манай намд 15-16 гишүүнтэй тийм фракц байхгүй. Бүгдээрээ чуулганы хуралдаандаа оръё. Тэгээд саналаа өгөхгүй байя гэдэг ганцхан шийдвэр л гаргасан.

-Бүлгийн шийдвэрээ дагахгүй гишүүн гарвал яах вэ?

-Бүлэг улс төрийн шийдвэр гаргадаг. Бид бүлгийнхээ шийдвэрийг дагана.

-Л.Гантөмөр даргатай энд сая ямар асуудал яригдсан бэ?

-Зүгээр л цай уусан шүү дээ.

-Халтмаагийн Баттулга гэж хүн ордонд өнөөдөр ирчихсэн байна гэдэг мэдээлэл гарлаа. Тэр хүн хэчнээн өдөр чуулганы хуралдаанаа тасалсан билээ. Албан тушаал томилгоо ярихаар л гараад ирдэг энэ ашиг сонирхол хэвийн зүйл гэж харж байна уу?

-Мэдэхгүй би тэр хүнтэй уулзаагүй байна. Та нар өөрөөс нь асуувал дээргүй юү?

-Та Х.Баттулгатай үнэхээр уулзаагүй юм уу?

-Би УИХ-ын чуулганд үг хэлэх ёстой байсан болохоор үгээ хэлчхээд л сая гарч ирээд Л.Гантөмөр даргын өрөөнд цай уулаа. Одоо өрөө рүүгээ явах санаатай байна.

-Бүлгийн шийдвэрийг сөрнө гэдэг ямар нэгэн яриа тохироо огт болоогүй гэсэн үг үү? Л.Гантөмөр дарга бүлэгтэйгээ санал нэг биш байгаа юм биш үү?

-Л.Гантөмөр дарга бүлгийн хурал дээр 1 зүйлийг тодорхой хэлсэн. Ямар ч тохиолдолд АН-ын сайд нар засгаас гарна гэсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *