Иргэн У нас барсан эхнэрийнхээ тэтгэврийн 20% болох 359.501 төгрөгийг авахаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандтал өгөөгүй байна. Тэр 1989 онд эхнэртэйгээ гэрлэн, 35 жил хамт амьдарчээ. Эхнэр нь 2024 оны 7 дугаар сарын 24-нд нас барсан аж.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүнд “Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ёстой. Ийм тохиолдолд л нас барсан ханийнх нь тэтгэврийн 20%-ийг үлдсэн нь өгнө. Танд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүссэн. Иймд гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ёстой гэдэг шаардлагыг хангахгүй байна” хэмээн татгалзжээ.
У үүнийг эс зөвшөөрч шүүхэд ханджээ. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна”, 9.3-т “Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно” гэж заасан. Үүнээс үзвэл “Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа өндөр насны тэтгэврээ тогтоолгон, Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмж олгохоор байна” гэж шүүх дүгнэжээ.
Гэтэл У Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдах боломжгүй гэж шүүх үзэн, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.