М.Энхсайхан 1996.07.19-1998.04.23-ны хооронд 1 жил 278 хоног Ерөнхий сайдаар ажилласан. Парламентын 2 дахь сонгуульд МСДН-МҮАН-ын Ардчилсан эвсэл 50 суудал аван, олонх боллоо. Засгийн газарт МСДН 50%, МҮАН 50% гэсэн харьцаагаар гишүүдээ оруулав. МСДН-ын дарга М.Энхсайхан Засгийн газрыг тэргүүлсэн ч Ардчилсан холбоо эвслийн дарга нь Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж үзэн, түүнийг огцруулсан юм.
Ц.Элбэгдорж 1998.04.23-1998.12.09 хүртэл 230 хоног Ерөнхий сайдаар ажилласан. МҮАН-ын даргын хувиар тэр шинэ Засгийн газрыг тэргүүлсэн ч УИХ дахь Ардчилсан холбоо эвсэл, МАХН-ын бүлэг “Сэргээн босголт”, “Голомт”, ХОТШ гэх мэт банкны асуудлаар санал зөрөлдөн, чуулганыг 34 хоног гацаав. УИХ эцэст нь Засгийн газрыг огцрууллаа. МАХН-ын 25 гишүүнтэй Ардчилсан холбоо эвслийн зарим гишүүн хамсан, Ц.Элбэгдоржийг авч хаясан юм.
Ж.Наранцацралт 1998.12.09-1999.07.22-ны хооронд 225 хоног Ерөнхий сайдаар ажилласан. 2 Засгийн газраа огцруулсны дараа Ерөнхий сайдаар Да.Ганболдыг томилуулахаар Ардчилсан холбоо эвсэл санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди хүлээж авалгүй, 7 удаа буцаав. Үүнийгээ Ерөнхийлөгч “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Да.Ганболд банкны асуудалд хуулийн дагуу хяналт тавьж, таслан зогсоох, засаж залруулах арга хэмжээ аваагүй” гэж тайлбарлан, түүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг хүлээн авсангүй. УИХ-д оруулж хэлэлцүүлсэнгүй.
8 дахь удаад Ж.Наранцацралтын нэрийг Ерөнхийлөгчид санал болгож, шинэ Ерөнхий сайд тодорсон ч ОХУ-ын Засгийн газрын I орлогч С.Степашинд явуулсан захидалдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар буруу байр суурь илэрхийлсэн хэмээн буруутгаж, УИХ түүнийг огцруулав. Түүнийг огцруулах саналыг УИХ-ын 21 гишүүн гаргаж, Ж.Наранцацралтын танхимын 7 гишүүн нэмэр болсон байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-иа ОХУ хувьчилсныг Монгол Улс дэмжиж байгаа гэсэн агуулгатай захидлыг Ж.Наранцацралт хойд хөршид илгээжээ. Гэтэл аливаа компанийн хувь эзэмшигч хувьцаагаа худалдах бол эхлээд нөгөө хувь эзэмшигчдээ санал болгох ёстой. Үүнийг ОХУ зөрчсөн байхад, Монгол Улс дэмжсэн нь болчимгүй алдаа байв.
Ц.Элбэгдорж 2004.08.20-2006.08.20-ны хооронд 1 жил 146 хоног Ерөнхий сайдаар ажиллалаа. Энэ сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН тэнцүү суудал авсан тул УИХ дахь эдгээр нам, эвслийн бүлэг Их эвслийн Засгийн газрыг тэнцүү сайдтайгаар байгуулав. Тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг 2 жилээр ээлжлэн хашихаар зөвшилцөв. Ийн Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлсэн ч МАХН тохирооноосоо буцаж, Засгийн газрыг огцруулав. Түүний Засгийн газрыг бүрдүүлсэн МАХН-ын сайдууд нүүр буруулж, огцрох өргөдөл гаргасан юм.
М.Энхболд 2006.01.25-2007.11.22-ны хооронд 1 жил 301 хоног Ерөнхий сайдаар ажиллав. Их эвслийн Засгийн газрыг МАХН огцруулбал дараагийн Засгийн газарт хамтрахгүй гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл анх шийдсэн байв. Гэтэл Н.Энхболдын Засгийн газарт АН-ын гишүүн М.Энхсайхан Шадар сайд, М.Сономпил Батлан хамгаалахын сайд, Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайд болов. Тэд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг биелүүлэлгүй, УИХ-аар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад М.Энхболдод саналаа худалдсан юм. Урвалтынхаа хөлсийг ингэж авав. Урвагчдаас Ард түмний намын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр, худалдааны сайд болж Ж.Батхуяг ганцаар хоосон хоцорчээ.
Түүний Засгийн газарт Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяр Минжийн хангайн түймрийг унтраалгахаар “МИ-8” нисдэг тэргээр аврагчид илгээж, тэд осолдсон. Багануур дүүрэгт техникийн спиртээр найруулсан “Азийн чоно” гэх архинаас болж олон хүн хордож, 15 хүн амиа алдсан. Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатартай зодолдсон гэх мэт 24 шалтгаанаар Л.Гүндалайг Ерөнхий сайд огцруулав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд төсвийн 4.4 тэрбум төгрөг илүү зарцуулж, хууль зөрчсөн хэмээн огцруулав. Дархан-Уул аймгийн Хонгор суманд натрийн цианидаар олон хүн хордсоны улмаас Б.Жаргалсайхан огцров. М.Энхболд өөрөө танхимынхаа гишүүдийг ар араас нь огцруулж, суудлаа ганхуулсан. Үндсэн хуульд зааснаар УИХ-д 39 суудал авсан нам Засгийн газраа бүрдүүлнэ. Гэвч МАХН 38 суудалтай тул түүнд БНН-ын 1 суудал үнэтэй байв. Б.Жаргалсайханыг огцруулснаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эрхзүйн чадамжгүй болсон. Энэ мэт шалтгаанаар МАХН 25-р их хурлаараа М.Энхболдыг С.Баяраар солив.
Н.Алтанхуяг 2012.08.10-2014.11.05-ны хооронд 2 жил 87 хоног Ерөнхий сайдаар ажиллав. Түүний байгуулсан Шинэчлэлийн Засгийн газарт Н.Энхбаяр байсан нь МАН-ын гишүүдийн эгдүүг хүргэж байлаа. У.Хүрэлсүхийг намынхаа нэрнээс “Хувьсгалт” гэсэн үгээ хусаж хаямагц, шүүрч авсан Н.Энхбаяр МҮАН-тай эвсэн “Шударга ёс” эвсэл байгуулан, 2012 оны сонгуульд ороод, 11 суудал авсан. Гэсэн ч Н.Энхбаяр АН-тай хоршиж, Шинэчлэлийн Засгийн газрыг хамтарч байгуулсан юм. Энэ Засгийн газар эдийн засгийн хямралыг шийдэх “Эзэн 100” хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр МАН огцруулсан.
Ж.Эрдэнэбат 2016.07.07-2017.10.04-ний хооронд 1 жил 89 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ. МАН-ын дотоод хагарлаас болоод, түүнийг Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэмээн УИХ огцруулсан юм.
У.Хүрэлсүх 2017.10.04-2021.10.04-ний хооронд 3 жил 115 хоног Ерөнхий сайд байлаа. Ковидын халдвар авсан эхийг нярай хүүхэдтэй нь 1-р амаржих газраас гэрийн халаад, таавчиг, нимгэн өмдтэй нь ХӨСҮТ рүү шилжүүлж буй бичлэг цахим орчинд цацагдсаны дараа иргэд ковидоор шалтаглан хүний эрх зөрчиж буйг эсэргүүцэн, Сүхбаатарын талбайд жагссан. Үүнд У.Хүрэлсүх хариуцлага хүлээн, өөрөө УИХ-д огцрох өргөдлөө өгсөн юм. Манай улсын түүхэнд анх удаа Ерөнхий сайд өөрөө огцрохыг хүссэн нь энэ байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэн, зохион байгуулалттай жүжиг тоглосон гэж үүнийг үздэг хүмүүс бий.
Л.Оюун-Эрдэнэ 2021.01.25-наас хойш Ерөнхий сайдаар ажиллаж байна. Бусад Ерөнхий сайдаас ялгаатай нь тэр хүүгээсээ болоод огцрох асуудалд ороогдлоо. Түүний хүү О.Тэмүүлэн ажил хийдэггүй, бизнес эрхэлдэггүй. Эх, эцэг нь ч ямар нэг бизнесгүй. Гэтэл хүү нь долларын тэрбумтан шиг тансаглаж байгаа нь тодорхой болов. Ерөнхий сайд болон хүүг нь энэхүү өндөр орлогоо тайлбарлах, нотлохыг олон нийт шаардан, төв талбайд 22 өдөр жагсав.