Жолооч нарын гаргасан зөрчлийг зургаар баталгаажуулж, линкийг нь илгээдэг болжээ. Нийслэлийн 9 дүүргийн засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төв байгуулж, 2024 онд Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камер нэмж суурилуулсан юм. Дүүргүүдийн Камерын хяналтын дэд төвүүд нэгдсэн удирдлагын төвтэй холбогдож, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүдийн камерыг бүрэн удирдах боломж бүрдсэн байна.
Түүнчлэн дүүргүүд хоорондоо хяналтын камерын бичлэгээ солилцох боломжтой гэнэ. Өмнө нь нийслэл, дүүрэг, хороонд нэгдсэн системгүй олон төрлийн үйлдвэрлэгчийн камер, бичлэг хадгалах төхөөрөмж, янз янзын системүүд ашигладаг, стандарт шаардлага хангахгүй, нэгдсэн нэг системд холбох боломжгүй, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Өмнө нь хэрэгсэх эзэнгүй камеруудын ихэнх нь ажилладаггүй байсан бол цаашид камерын асалт, унтралт, ажиллагаа, арчилгааг дэд төвүүд хариуцаж, камерын ажилласан хугацаагаар нь буюу гүйцэтгэлд үндэслэж санхүүжилт олгох боломж бүрджээ.
Мөн дэлгэцийг ухаалгаар зохион байгуулах, хөдөлгөөнт төхөөрөмжийг алсын зайнаас удирдах зэрэг олон боломж бий болгосон. Дүүрэг бүрийн дэд төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм байна. Бүх камер нэгдсэн төвийн сүлжээнд холбогдсон. Хотын төвийн гол гудамж, замаас гадна Баянхошуу, Сонсголон, Налайх, Дүнжингарав, Богд уулын замыг харах зориулалттай камеруудыг мөн нэмж суурилуулжээ. Камеруудыг гэмт хэрэг, зөрчил илрүүлэхээс гадна тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг тоолох, судалгаа хийх, хөдөлгөөний эрчмийн хурдыг тодорхойлох зэрэгт ашиглах гэнэ.