“Нарны хүүхэд” С.Тэмүүлэн: Би дараа жил ч сургуульдаа сураад, зөндөө зураг зурна аа


Дауны синдромтой хүүхдүүдийг “Нарны хүүхэд” хэмээн нэрлэдэг. Өдгөө Дэлхий даяар Дауны синдромтой нийт 6 сая гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг.

Угтаа Дауны синдром бол өвчин биш. Энэ бол бусдаас ялгарах онцлог шинж гэдгийг нийгмээрээ ойлгож, хүлээж авах нь чухал. Тэдгээр хүүхдийн ертөнц нь цагаан, гэгээлэг, өөр байдаг. Тиймдээ ч юмсыг өөрөөр харж, түүнийгээ илэрхийлэхдээ ч гэнэн байдаг юм.  

   Бид энэ удаа уран зургаар 5 жил хичээллэж, дипломоо онц хамгаалж, улаан диплом гардан авсан “Нарны хүүхэд” С.Тэмүүлэнг онцолж байна. Тэрээр 25 настай. Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлагийн коллежид суралцаж, өнгөрсөн долоо хоногт дипломоо хамгаалалсан юм.

Бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг С.Тэмүүлэн гэдэг. Би 25 настай.

С.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт дипломоо хамгаалсан байна. Сэтгэгдэл хэр байна вэ? Зураг зурах дуртай юу?

Зураг зурах гоё. Дуртай байдаг юм өө. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлээд зурдаг. Энэ “Аним” сургуульд сурдаг. Манай найзууд сурдаг юм аа. Зургаа сайн хийгээд, ингээд байж байгаа юм аа. Модон дээр зураг хийдэг. Эхлээд зураг зураад, дараа нь буддаг. Удаан хийдэг юм өө.

Зурсан зураг чиннь ямар утга санаатай вэ. Удаан зурсан уу?

За, энэ монгол хүн амьдарч байгаа зураг. Би зурсан юм аа. Зөндөө зураг хийгээд, одоо энэ цаасаа хийгээд… Сургуульдаа дараа жил сурна. Тэгээд төгстөлөө байна. Тэгээд сургуульдаа сурна аа. Би зураг хийнэ ээ.

С.Тэмүүлэн зураг зурахаас гадна өөр юу хийх дуртай вэ?

Гэртээ байхдаа бүжиглэнэ, ганцаараа бүжиглэнэ. Ганцаараа тоглоно. Аав, ээж, гурвуулаа амьдардаг. Би 3 дүүтэй. Би тамирчин хийдэг. Би медаль авдаг юм өө. Мөнгөн медаль, хүрэл медаль авдаг. Гүйлтээр хичээллэдэг. Гүйлтээр тэмцээнд ороод, найзуудтайгаа гоё байдаг юм. Төгөлдөр хуур тоглодог юм аа. Монгол дуу хийдэг. Элиса чадна. Элиса, монгол дуу, танго. Би гэртээ байгаад, өглөө босоод тоосоо арчаад, гэрээсээ гараад өөрөө ганцаараа явдаг.

Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

Багш нартаа баярлалаа. Бархүү багшаа баярлалаа. Булган багшдаа баярлалаа.

Дауны синдром бол өвчин. Харин давуу тал

     Түүний дипломын ажлыг “Анима” дүрслэх урлагийн коллежийн захирал, зураач Я.Булган удирджээ. Тэд С.Тэмүүлэнтэй ажиллахдаа олон арга барил ашигласан байна. Дауны синдром бол өвчин биш. Харин энэ бол бусдаас ялгарах давуу тал. Тэдний ертөнц их гэгээлэг байдаг учраас уран зургийг бусдаас өөрөөр харж, өөрөөр сэтгэж зураг зурдаг гэдгийг тэр онцолсон юм.

С.Тэмүүлэн анх тосон будаг гэхээсээ илүү фломастер, маркераар зураг зурдаг байжээ. Харин эцэст нь зориглож, тосон будаг ашиглахаар шийдэж, зургаа зурж эхэлсэн байна. Урлагийн мэргэжил, тэр дундаа уран зураач болох хүүхдэд тосон будаг хэрэглэх амаргүй гэдгийг зураач, багш Я.Булган хэлэв.

    С.Тэмүүлэнгийн зүүн нүд хардаггүй учраас аливаа юмыг их ойрхноос хардаг аж. Ингээд зураг зурахдаа цаасандаа маш их тулж зогсдог байжээ. Гэвч тосон будгаар зурахад, зай хэрэгтэй. Дунджаар 1 метр, хамгийн ойртлоо гэхэд 50 см зайнаас зурах ёстой байдаг гэнэ. Гэсэн ч С.Тэмүүлэн үүнийг ажрахгүй, тосон будгаар зурж суран, бүтээлийнхээ ард гарч, дипломоо амжилттай хамгаалжээ.

Я.Булган: Дауны синдромд саад байхгүй. Өөрийнхөө ертөнцөөр юмыг харж чаддаг болохоор харин ч давуу тал болдог. Сул тал биш. Ганц бэрхшээл байсан нь С.Тэмүүлэн маань их ойроос юм хардаг. Тосон будагтай ажиллахад метрийн зайнаас ажиллах хэрэгтэй байдаг л даа. Үүн дээр бэрхшээл гарсан. Тэмүүлэнгийн нүднээс нулимс гоожоод, бараг л хамраараа зургаа зурсан даа. Заримдаа шантрах, зугатаах үе байсан ч ард нь амжилттай гарч, дипломоо онц дүнтэй хамгаалсан.

С.Тэмүүлэн гэгээлэг, их хөөрхөн аргаар өөрийгөө илэрхийлдэг байна. Тиймдээ ч дипломын ажилдаа зориулж “Төсөөллийн найз” нэртэй уран зураг зуржээ. Уг бүтээлийнхээ зөвхөн хар зургийг гаргах гэж багш, шавь хоёр 14 хоног болжээ. Үүний дараа өнгө гаргах, бусад ажлаа хийж, нэг сарын дотор бүтээлээ дуусгасан байна. Бүтээлдээ “нарлаг гэгээлэг” санаа тусгасан нь С.Тэмүүлэнгийн дотоод ертөнцийг илэрхийлсэн харагдана.

  Тэр уран зураг зурахаас гадна гүйлтээр хичээллэж, хөлбөмбөг тоглодог. Спортын зөндөө медальтайгаас гадна төгөлдөр хуур бас тоглож чаддаг. Ийм л гэгээлэг, бидэнтэй адилхан нэгэн сурч, хөгжиж, өөрийнхөө ертөнцөд “Нар” мэт гийж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *