Хорь гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаалын хаалт өнөөдөр төв талбайд болно.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэнийн хүүгийн тансаглалтай холбоотой “Огцрох амархан” жагсаал тавдугаар сарын сүүлээр эхэлж, ийн 21 хоногийн турш жагсаж, залуучууд үзэл бодол байр сууриа тайван замаар илэрхийлсэн билээ.
Тус жагсаалын хүрээнд “Огцрох амархан” өргөдлийг дэмжиж 200 гаруй мянган хүн гарын үсгээ зурсан байдаг. Мөн олон иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснээс гадна уг жагсаалд УИХ-ын 6 гишүүн оролцож, мөн өргөдөлд гарын үсэг зурсан юм.
Энэхүү жагсаал нь хүнтэй хийсэн тэмцэл биш, гагцхүү ёс зүйн хариуцлага нэхсэн цаг үеийн шаардлага гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд “Огцрох амархан” жагсаалд ирж оролцож, дуу хоолойгоо өргөсөн иргэн бүрийг хаалтын жагсаалд ирэхийг уриалав.