Ч.Наранбаатар: Сэлбэ дэд төвийн тендерт оролцохын тулд нэг компани 135 тэрбум төгрөгийн орлоготой байх ёстой учир монголчууд оролцож чадаагүй


Монголын барилгачид өчигдрөөс эхлэн “Сэлбэ дэд төв”-д үндэсний компаниудаа оруулахыг шаардан “Үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын “хугацаагүй касктай суулт” нэртэйгээр төв талбайд суулт хийж байна. Энэ асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай ярилцлаа.

-Та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ?

– Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын тендерийн шалгуур маш өндөр байсан. Тийм ч учраас монгол компаниуд оролцох ямар ч боломж байгаагүй. Тус тендерт Хятадын 15 компани орсноос хоёр нь шалгарсан. Шалгарсан хоёр компанид нийт 850 тэрбум төгрөгийн ажил өгсөн. 15 компанийн ихэнх нь буюу 13 нь барилгын компани биш, гадаад худалдаа, уул уурхай, зам гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан. Тиймээс бид гомдолтой байна. Монголд барилгын тусгай зөвшөөрөлтэй 5000 компани байхад огт өөр чиглэлээр үйл ажиллагаа я вуулдаг Хятадын компаниуд тендерт оролцсон асуудлыг шалгуулна. Бид Сэлбэ дэд төвийн ажлыг эсэргүүцээд байгаа юм биш, хятадуудыг эсэргүүцээд байгаа ч юм биш. Бидний зүгээс энэхүү тендерийг цуцал гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Хоёрдугаарт, 1.1 их наяд төгрөгийн дараагийн тендер зарлагдсан. Тэрхүү тендерт тавигдах шаардлагуудаа багасган монгол компаниудаа оруулж, монгол барилгын компаниудыг, тэнд ажилладаг ажилчдыг ажил, орлоготой байлгахыг шаардаж байна. Түүнчлэн бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг ажлын хэсэг гаргаж бидэнтэй уулзахыг шаардаж байна.

-Энэ суулт хэр удаан үргэлжлэх вэ?

-Бидний хийж буй суулт хугацаагүй. Хонон өнжин суултаа үргэлжлүүлнэ. Холбогдох хүмүүс нь бидэнтэй уулзаж, ажлын хэсэг байгуулагдтал суултаа зогсоохгүй. Өдийд Монголын барилгачид барилгын талбай дээрээ ажлаа хийж байх ёстой. Гэтэл Сэлбэ дэд төвийн тендер бидний эсрэг, бүр үндэсний эрх ашгийн эсрэг байгаа учир хугацаагүй суулт хийх болно. Өнөөдрийн байдлаар энэхүү суултад 200 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Цаашдаа бидэнтэй нэгдэх компаниуд нэмэгдэнэ. “Бид өдрийн цагаар ажилтай байна. Орой очиж жагсана” гэсэн саналууд маш их ирж байна.

-Та тус тендерийн шаардлага өндөр байсан гэлээ. Ямар ямар шаардлага байсан юм бэ?

-Олон улсын тендер зарлаж, шалгаруулалт нээлттэй болсон. 250 тэрбум болон 600 тэрбумын тендер зарлагдсан. Тендерт оролцох шалгууруудын дунд “Тухайн компани тендерийн мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх борлуулалтын орлоготой байх” гэсэн ганцхан өндөр шалгуур бий. Өөрөөр хэлбэл, тендерт оролцохын тулд нэг компани 135 тэрбум төгрөгийн орлоготой байх ёстой гэсэн үг. Тиймээс монголчууд тендерт оролцож чадаагүй. Сүүлийн дөрөв, таван жил манай улсын эдийн засаг хүндэрсэн учраас тийм өндөр борлуулалттай барилгын компани байхгүй. Төрийн үндсэн үүргүүдийн нэг бол монгол хүнээ, Монголын к омпаниудыг ажил, орлоготой байлгах явдал. Бусад орны компаниудыг, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавиад байгааг эсэргүүцэж байна.

-Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах ажлыг Сэлбэ дэд төвөөс эхлүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү төслийн бүтээн байгуулалт цаашдаа ч үргэлжилнэ. Том хэмжээний бүтээн байгуулалтад дандаа гадны компаниуд оролцдог болох жишиг тогтчих вий гэсэн болгоомжлол байна уу?

-Тийм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг барьцаалж бонд босгосон. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын араас Баянхошуу, Толгойт дэд төв гэхчлэнгээр ажлууд цаашид ч үргэлжилнэ. Яг одоо л үүнийг төрийн бодлоготойгоо уяж, монгол компаниудаа нэг номерт тендерт оруулдаг болохгүй бол цаашдаа дандаа хятадууд л томоохон бүтээн байгуулалтын тендерийг авдаг болох нь. Яагаад гэвэл бид тэднийг хүчрэхгүй. Хэрэв одооноос монгол компаниудад тендер олгож эхлэх юм бол дараа дараагийн тэсрэлттэй төсөл, томоохон тендерүүд зарлагдахад монгол компаниуд аль хэдийнэ бойжчихсон, өсчихсөн байх болно.

-Монголд зарлагдаж байгаа барилгын тендерүүдийг монгол компани авах нь хэр байдаг юм бол?

-Төсвийн хөрөнгөөр зарлагдаж байгаа тендерүүдийг монгол компаниуд авч байгаа. Мэдээж түүн дотор сайн, муу жишгүүд бий. Гэхдээ сайн нь муугаасаа хавь илүү. Ур чадваргүй байдлын улмаас гаргасан алдаанууд байгааг үгүйсгээгүй. Ерөнхийдөө бүх монгол барилгын компаниуд ажиллаж чадаж байгаа. Улсын төсөвт ажлын хажуугаар төслүүд ороод ирэхэд л монгол компаниуд бэлэн байя, оролцдог байя гэж байгаа юм. Цаашдаа Монголд маш олон томоохон төслүүд хэрэгжинэ. Тэдгээрийг хийж гүйцэтгэхэд бид бэлэн байх ёстой. Тиймээс Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг монгол барилгачид, монгол инженерүүд хийх нь нэн чухал. Одооноос бидэнд томоохон төслүүдэд орж эхлэх зүй ёсны шаардлага тулгараад байна.

-Тендерт шалгарсан хятадын хоёр компани бүтээн байгуулалтад оролцох боломж хууль эрх зүй талаасаа бий юу?

-Боломжтой. Тендерийн шалгуур нь монгол компани оролцоход хэтэрхий өндөр байсан учраас Монополийн эсрэг хууль болон Өрсөлдөөний хуулийн холбогдох заалтыг үндэслэн цуцлах бүрэн боломжтой. Бидний зүгээс “Цуцал” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Бид улс төрийн өндөр дэмжлэгтэй байгаа. УИХын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс “Та нар монгол компаниуддаа ажил өгсөнгүй. Монгол компаниудыг одоо яах юм. Дэмжиж оролцуулахгүй яаж байгаа юм бэ” гэдэг байдлаар нийслэлийнхнийг буруушаасан. Бид төрийн гурван өндөрлөг, парламентад суудалтай таван нам, Аж үйлдвэржилтийн байнгын хороо, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын 14 хүнд шаардлага хүргүүлсэн. Тэднээс бидний шаардлагын хариуг нэн даруй өгөхийг шаардаж байна. Хэрэв өгөхгүй гэвэл тайван суултаа хурцадмал байдал руу шилжүүлж, өлсгөлөн зарлах хүртэл явна. Бид үндэсний эрх ашгийн төлөө амь насаа үл хайрлан тэмцэх болно.

-Тус шаардлагыг хэзээ хүргүүлсэн бэ. Хариу нь нэгнээс нь ч ирээгүй байгаа юм уу?

-Дөрөвдүгээр сарын 28 болон тавдугаар сарын 28-нд тус тус шаардлага хүргүүлсэн. Энэ хооронд нийгэмд асуудлыг гаргаж тавьж гурван удаа хэвлэлийн бага хурал хийсэн. Ерөнхийлөгч, Л.Гантөмөр сайд, АҮБХ-ны дарга С.Ганбаатар нарын зүгээс шаардлагын хариу ирсэн. УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс хариугаа хэлнэ гэсэн. Харин Х.Нямбаатар даргаас ямар ч хариу ирээгүй. Мөн бид УИХ-ын 126 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид шаардлага хүргүүлж байна. Х.Нямбаатар даргын хийж буй ажлын хүрээнд сонсгол зохион байгуулах хэрэгтэй.

-Шаардлагын хариугаа ирүүлсэн төрийн өндөр албан тушаалтнууд ямар байр суурьтай байна вэ?

-“Хуулийн хүрээнд тендерийн шалгуурыг багасгаж, үндэсний компаниудаа дэмжиж, ажил олго” гэсэн агуулга бүхий хариунууд ирсэн. Хариу бичгүүд бидэнд ирэхээс гадна Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүрч байгаа. Тиймээс нийслэлийн зүгээс бидэнтэй удахгүй уулзалт хийх байх, хамтарч ажлын хэсэг байгуулах байх гэсэн хүлээлттэй байна. Бид тендерийн шалгуурыг хэрхэн бууруулах талаар тодорхой хэмжээнд судалж үзсэн.

-Барилгын салбарт ямар ямар асуудал нийтлэг тулгамдаж байна вэ?

-Маш олон асуудал тулгамдаж байна. Хууль, эрх зүй, норм нормативын шинэчлэл, мэргэжилтэй ажилтны хомсдол гэх мэтчилэн маш олон асуудал бий. Компаниуд ажилтай, ажилчид нь орлоготой байснаар эдгээр асуудал шийдэгдэх юм. Сэлбэ дэд төв барилгын салбарын хөгжилд маш том түлхэц үзүүлэх түүхэн төсөв. Тиймээс энэ төслийг монголчууд хийе л гэсэн юм. Өнгөрсөн сарын 19нд Монголын барилгачдын нэгдсэн холбооны нэгдсэн хурал болсон. Үүнд нийслэл хот, 21 аймгаас 700 орчим төлөөлөгчид ирж оролцлоо. Тэнд ирсэн хөдөлмөрийн баатрууд, гавьяат барилгачид, ахмад настнууд “Монголчууд Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах ажлыг хийж чадна. Бид нийслэл Улаанбаатараа, Дархан, Эрдэнэт хотоо, 21 аймгийнхаа төвийг өөрсдийнхөө гараар босгосон хүмүүс. Тиймээс Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг гадны компани хийж байгааг эсэргүүцэж байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин нийслэлийн удирдлагуудын зүгээс монгол барилгачид чадахгүй гэж хараад байх шиг байгаа юм. “Яагаад тендерээ том хэмжээгээр зарлачихсан юм бэ, жижиглээд зарлаач” гэхээр “Төслийн менежментийн хувьд удирдах боломжгүй” гэсэн. Үүнийг нь бид худлаа тайлбар бөгөөд нийслэлийн удирдлагуудын ур чадваргүй, ажлаа хийж чадахгүй байдлын илрэл гэж харж байна. Мөн үндэсний эрх ашгийн эсрэг үйлдэл хийж байна гэж үзэж шалгадаг газарт нь шалгуулъя гэсэн бодолтой байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *