Иргэн Э.Х хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлгүй нас барахад хүргэсэн хэмээн прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Э.Х архидан согтуурч, 2024 оны 1 дүгээр сард, өвлийн идэр ес эхэлсэн үед гэртээ гал түлээгүй, гэрээ дулаацуулаагүй, хүүхдүүддээ халуун хоол, цай хийж өгөөгүй аж. Үүнээс шалтгаалан 1 нас 4 capтай Г.Г гэртээ осгож, нас баржээ. Үүнийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, Э.Х-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.
Үүнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд, Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэлээ. Учир нь Э.Х нь Үндсэн хуулийн 17.1.1-д заасан “Монгол Улсын иргэн… үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх… нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2.1-д заасан “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.2-т заасан “…Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, …”, 5.3 дахь хэсэгт “…Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх… эрхтэй…” гэж, 10.1.3-т заасан “…эцэг, эх… нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах…” үүргээ эх хүний хувьд биелүүлээгүй гэж шүүх үзэв.