Бөхчүүдэд цол, чимэг олгох барилдаан Баасан гарагт болно


Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд энэ сарын 6-нд болно.

Зэвсэгт хүчин, цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, онцгой, тагнуул, шүүх шийдвэр гүйцэтгэх газар, ХСИС-ийн харьяа спорт хорооны бөхчүүд зодоглодог байсан уг наадамд өөрчлөлт оруулан, энэ жилээсбөхчүүдэд чансаа тогтоож, квотоор оруулахаар болсон билээ.

 Энэхүү барилдааны үзүүр түрүү булаалдаж, шөвгөрсөн бөхчүүд дараа жилийнхээ баяр наадмаар улсын цол хүртдэг бичигдээгүй хууль бий.

 “Бүх цэргийн наадам”-ыг 1992 оноос хойш зохион байгуулсан. Уг барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс нэг дархан аварга, хоёр аварга, хоёр арслан, дөрвөн гарди, дөрвөн заан, есөн харцага, 21 начин цолтон төрсөн байдаг.

Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс улсын цолонд хүрээгүй найман бөх бий. Тодруулбал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням, Б.Өлзийсайхан, аймгийн арслан Х.Наранбаяр, Э.Тулга, цэргийн заан Ө.Батсуурь, Д.Энхтөр, Н.Нямаа нар юм.

Тэгвэл хоёр дараалан түрүүлсэн бөх нь улсын заан М.Лхагвагэрэл /2021, 2022 он/, начин Д.Цогзолдорж /2000, 2001 он/ нар ажээ. Үүнээс гадна улсын аварга Ч.Санжаадамба, харцага А.Бямбажав нар юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *