Хөвсгөл аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв Мөрөн сумын Дэлгэрмөрөн гол, Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуур орчимд ус, намгийн шувуудыг тоолж, шувууны өвчин тандлаа. Тооллогоор уг гол, нууранд нийт 16 зүйлийн 1034 шувуу байгааг тогтоожээ. Гол, нуурын эрэг орчимд өвчилсөн болон сэжигтэй шинж тэмдэг бүхий шувуу ажиглагдаагүй байна.
Шувууны томуугийн вирус амьтнаас хүнд халдварлах чадвартай, олон улсад анхаарал хандуулсан халдварт өвчний нэг. Монгол Улсад 2003 оноос хойш хийсэн судалгаагаар нүүдлийн шувуудаас H2N2, H3, H3N8, H4N6, H6N2, H5N6, H5N1, H5 зэрэг хэв шинж илэрч байжээ. Тухайлбал: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нууранд 2005 онд, Рашаант сумын Дөрөөцагаан нууранд 2009 онд үхсэн шувуунаас хоруу чанар өндөртэй H5N1 вирус илэрч байв.

Зэрлэг амьтдын дунд халдварын тархалтыг эрт илрүүлэх, халдварын зөөвөрлөгч болох шувуудын маршрутыг тогтоох, байгаль орчны эрсдэлийг үнэлэхэд ийм тандалт чухал байдаг аж. Хөвсгөл аймаг Монгол орны ус, намгийн экосистемийн чухал бүс нутгийн нэг. Нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх замд энэ аймгаар өнгөрдөг. Иймд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэл өндөртэйд тооцогддог байна.