Энэтхэгийн хууль сахиулагчид ховор төрлийн хорт могой болон бусад мөлхөгч амьтдыг нууцаар хил давуулахыг оролдсон эрэгтэйг баривчилсан байна. Олон тооны амьтдыг Тайланд улсаас авчирч хил давуулахыг оролдсон Энэтхэгийн иргэнийг өнгөрсөн ням гарагт Мумбай хотын нисэх онгоцны буудлын хил, гаалийн шалгалтын албаныхан илрүүлэн зогсоожээ.
Эрх баригчдын мэдээлснээр тухайн эрэгтэйн шалган нэвтрэхээр орсон битүүмжилсэн тээшнээс 47 ширхэг хорт могой болон бусад мөлхөгч амьтад олдсон гэжээ. Тэдгээр амьтдыг Энэтхэг улсын байгаль хамгааллын хууль дүрмийн дагуу хураан авч, одоогоор нэрийг нь нууцалж байгаа тухайн зорчигчийг баривчлан саатуулсан байна.
Мөн нисэх онгоцны буудлын гаалийн шалгалтын албаныхны зүгээс тавган дээр тавсан, хорт могойнуудын зургийг Х платформд оруулан нийтэлжээ. Тус нийтлэлд гурван ширхэг эвэрт хорт могой, таван ширхэг зүүн өмнөд Азийн навчин яст мэлхий, 44 ширхэг Индонезийн хорт могойг илрүүлэн хурааж авснаа мэдээлжээ.
Дээрх амьтдын гарал үүсэл тодорхойгүй байгаа гэнэ. Хэдийгээр дээрх амьдтдыг хил давуулах нь хууль бус биш боловч Энэтхэг улсын байгаль хамгааллын хуулиар дээр дурьдсан тодорхой төрөл зүйлийн амьтдыг импортлохыг хориглодог байна. Түүнчлэн саатуулагдаад байгаа зорчигч дээрх амьтдыг хил давуулахдаа тусгай зөвшөөрөл, лицензгүй байсан нь түүнийг баривчлах нөхцөл болжээ.
Өнгөрсөн оны 11-р сард хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнууд Тайландын Бангкокоос буцаж ирсэн Энэтхэгийн хоёр иргэнээс 12 ширхэг яст мэлхийг хураан авч байсан бол энэ оны 1-р сард Энэтхэгийн эрх баригчид Дели хотын нисэх онгоцны буудлаас цүнхэндээ матарын гавал авч гарахыг оролдсон Канад улсын иргэнийг баривчилж байсан бол сарын дараа Мумбай хотын нисэх онгоцны буудалд таван гиббон сармагчин авч гарахыг оролдсон зорчигчийг зогсоосон байна.