Жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр (World Environment Day) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэднийг эерэг өөрчлөлтөд уриалах зорилготой энэхүү олон улсын өдрийг анх 1972 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей баталжээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар Дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирлээ.
Энэ жил Монгол Улс “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд ч хуванцрын хэрэглээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, олон сөрөг үр дагавар бий болгосоор байна. Иймээс иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хуванцарыг хэрэглээгээ багасгахыг БОУАӨЯ уриалж байна.