Израил улс Ливаны нийслэл хотын ойролцоох Хезболла бүлэглэлийн дроны үйлдвэрт агаарын цохилт үзүүлжээ


Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө Израилын зэвсэгт хүчин Ливан улсын нийслэл Бейрут хотын захын орчимд агаарын цохилт өгчээ.

Исламын шашны гол чухал тэмдэглэлт өдрийн нэг болох Эйд Аль Адха баярын өмнөх өдөр үзүүлсэн агаарын цохилтоо Израил улс тухайн хэсэг дэх Хезболла бүлэглэлийн дроны үйлдвэрлэлийг онилж, цохилт үзүүлсэн хэмээн тайлбарласан байна.

Агаарын цохилтод өртсөн хэсгийн орон сууц, байшин барилгуудаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг тухайн үед авсан бөгөөд хүний амь нас үрэгдсэн, шархдаж бэртэж гэмтсэн талаар мэдээлээгүй байна.

Израилын зэвсэгт хүчний зүгээс тухайн байршилд “Ираны террористуудын” санхүүжилттэй, олон мянган дрон үйлдвэрлэх хүчин чадалтай Хезболла бүлэглэлийн газар доогуурх үйлдвэрийг олж илрүүлсэн хэмээн мэдэгджээ.

Өөрийнх нь улс орны нутаг дэвсгэрт агаарын цохилт үзүүлсэн явдалд харамсч, хүчтэй эсэргүүцэж буйгаа Ливаны ерөнхий сайд Наваф Салам Х хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун мөн “ариун шашны баярын өмнөхөн” болсон цохилтыг “олон улсын дүрэмж журмыг бүдүүлгээр зөрчсөн” үйлдэл боллоо хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр Израил болон Хезболла зэвсэгт бүлэглэлийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр сүүлийн зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр байсан ч ийнхүү Израилын тал агаарын цохилт үзүүлээд байна.

Хезболла бүлэглэлийн зүгээс Израилын агаарын цохилттой холбогдуулан хараахан мэдэгдэл хийгээгүй байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *