МАН-ын Бага хурал 11:00 цагаас хуралдахаар товлож, гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд ирж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Эг голын УЦС бол маш олон жил болж байгаа ажил. Өнгөрсөн 10 сарын дотор хийгдсэн ажил биш шүү дээ. Би үүнийг шууд хэлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас авахуулаад, ЮНЕСКО-той хамтын баг гаргаад, Эг гол маань Байгал нуурт хэр нөлөөлж байгаа вэ, Эг голд УЦС баривал Байгал нуурт сөрөг үр дагавар үүсгэх үү гэдгийг ЮНЕСКО-той хамтарч эцэслэн тогтоогоод, ямар ч нөлөө байхгүй гэдгийг нь тогтоочихсон. Өнөөдөр байгаль орчны тогтвортой менежментийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудал зогсчихсон. Үүнийг бид үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Дээрээс нь хүний нөөцтэй холбоотой асуудал байгаа.
Би 1 зүйл дээр хатуухан байгаа. УИХ дээр ч хэлсэн. АН-ынхан гомдоод, МАН-ынхан ихэрхээд байна. Болохгүй ээ. Яагаад гэхээр ард түмнийхээ төлөө тангараг өргөж орж ирсэн хүмүүс ард түмний төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засаг ямар байдалтай байна. Унаж байгаа гэдгийг нь бүгд л ярьж байгаа биз дээ. Нийгмийн сэтгэхүйтэй холбоотой энэ донтолт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийллийн асуудал ямар түвшинд байгаа юм. Маш хүндэрчихлээ ш дээ.
Төрийн данхайсан бүтэц чинь улам их болж байна. Бүтээмжийн менежер гээд маш олон хүн томиллоо. Үр дүн нь юу байгаа юм. Бие биеэ намнах ажиллагаа л явагдаж байгаа ш дээ, ний нуугүй хэлэхэд. Бүтээмжийн менежер нэрээр томилогдсон хүмүүс 2016 оноос хойш төр барьж буй МАН-ын хийсэн ажлыг баримтжуулж авч байна. Өөр юу хийж байгаа юм бэ? Бүтээмжсээд байгаа юм яг өнөөдрийн байдлаар байхгүй байхгүй юу. Энэ болгоныг өнгөрсөн хугацаанд бодитоор нь хэлж ирсэн.
Шинэ Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгах ажлыг маш яаралтай хийх ёстой. Татварын реформыг зөв явуулах ёстой. Нийгмийн даатгалын энэ дээрэм шиг явж байгаа шимтгэлийн асуудлыг нэг тал руу нь гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ аж ахуйн нэгжүүд чинь сөхөрлөө ш дээ.
Данхайсан төр, энэ олон яамыг цомхотгох хэрэгтэй. Зүй зохилдолгоонд нь оруулах хэрэгтэй. Спорт, соёл, аялал жуулчлал, залуучуудын яам гээд. Аялал жуулчлалыг байгаль орчноос салгах боломжгүй. Яагаад гэвэл байгалийн аялал Монголд байдаг. Үүнийг аваачиж, соёлтой нийлүүлчхээр аялал жуулчлалын салбар уначхаж байгаа юм.
Тэгэхээр энэ данхайсан бүтцийг цомхотгох хэмжээний эдийн засгийн суурь мэдлэгтэй, УИХ-тайгаа ойлголцоод явж чадах, сөхөг хүчинтэйгээ ойлголцож чадах, парламентын үйл ажиллагаа яаж явдгийг мэддэг, БНХАУ-тай хилээ төмөр замаар үргэлжлүүлэн холбох хүн Ерөнхий сайд болох ёстой. Ганцхан Ганцмод-Гашуунсухайтыг л холбосон. Бусдыг нь ч холбох ёстой. Энийг хэн хийх юм. Хятадтай хэн ойлголцох юм.
ОХУ-тай Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ойлголцож, төслийг урагшлуулах ёстой. Үүнийг хэн хийх юм. Хэн ойлголцох юм. АНУ-ын тарифын бодлоготой холбоотой асуудал дээр хэн олйголцох юм бэ? Гэх мэтчилэн энэ томоохон ажлуудыг хийж чадах хүн л өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд байх ёстой. Зарим нь УИХ-ын гишүүн байх ёстой гэж яриад байх шиг байна. Надад бол гишүүн байна уу, гишүүн биш байна уу, хамаагүй. Хамгийн гол нь парламент дотроо маш сайн зөвшилцөж чадах маш сайн тоглогч л өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд байж байж тогтвортой засаглал яригдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцдог байх хэрэгтэй. УИХ-ын даргатайгаа ойлголцдог байх ёстой. Сөрөг хүчинтэйгээ ойлголцдог байх ёстой. МАН-ын 68-ын бүдүүн бүлэгтэйгээ олйголцдог байх ёстой. Ийм хүн л Монгол Улсын Ерөнхий сайд болох ёстой.