Б.Чойжилсүрэн: ЗГ эрчим хүчний компаниудын 66%-ийн менежментийн эрхийг ЭХЯ-нд буцаан шилжүүлсэн


Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгээс “ДЦС 3”-т гарсан осолтой холбогдуулан, дараах зүйлсийг тодрууллаа.

-Эрчим хүчний салбар ирэх өвөл яах вэ?

-“ДЦС 3”-т осол гарсан. 3-р сарын 19-нд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг “Эрчист Монгол” ТӨХК-д шилжүүлсэн. “Эрчист Монгол” ТӨХК  энэ асуудлыг хариуцаж аваад, сая өнгөрсөн 7 хоногийн ЗГ-ын хуралдаанд “Эрчист Монгол” ТӨХК “ДЦС 3”-т гарсан асуудлыг ЗГ-т танилцуулсан.

Тэр үед би салаа утгагүй 1 санал ЗГ-т тавьсан. Эсвэл “Эрчист Монгол”, эсвэл ЭХЯ хариуцъя. Эзэнтэй болмоор байна. Хариуцлага ярьмаар байна. Ингээд дундаа хаячхаад ийм асуудал үүсчихлээ. Эрдэнэт хүний амь хохирлоо. Олон тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Одоо яах юм бэ. Нэг талд нь гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

Нэлээн маргасны төгсгөлд өчигдөр бид ЗГ-ын тогтоолыг хүлээж авлаа. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66%-ийн менежментийг хэрэгжүүлэх эрхийг өчигдрөөс ЭХЯ-нд буцаан шилжүүлсэн.

Өнөө өглөө 09:00 цагаас эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчид хуралдаж байна. Маргааш, нөгөөдөр гэхэд бүх компанийн ТУЗ-ийг шинэчлэн байгуулна. Эрчим хүчний салбарын бизнес төлөвлөгөөнд тодотгол хийж, өөрчлөх шаардлага бий. Сүүлийн 3 сард бид харамсалтай нь үүнийг шийдүүлж чадаагүй. Энэ ажлыг энэ 7 хоногийн төгсгөл гэхэд хийж дуусах болов уу.

-“ДЦС 3”-ын тухайд?

-Эрүүгийн процесс явж байна. Тагнуул, цагдаагаас ажлын хэсэг гараад, шалгаж байгаа. Нэгэнт эрүүгийн хэрэг үүссэн учраас осол гарсан хэсэгт эрчим хүчний салбарынхан орохгүй байгаа. “Та нар бичгээр бидэнд зөвшөөрөл өгөөч. Магадгүй эрүүгийн нотлох баримтад янз бүрийн өөрчлөлт орлоо гэдэг шүүмжлэл дагуулах учраас бид хууль ёсны дагуу хүсэлт тавсан. Та бүхэн шалгалтаа шуурхайлаад, дараагийнх нь ажилд бид анхаармаар байна. Ослын шалтгааныг хамтраад тодруулъя. 2-рт сэргээн босгох төлөвлөгөө гаргах ёстой. Үүнийг ЗГ-ын дараагийн хуралд танилцуулах ёстой.

Манай төрийн нарийн бичгийн дарга, Салбарын хяналтын газрын дарга, Хууль эрхзүйн газрын дарга нар хуулийн байгууллагуудаар яваад, уг ослын газарт нэвтрэх эрх авахаар хөөцөлдөж байна. 2025-2026 оны халаалтын улирал 9-р сарын 15-нд эхэлнэ. 1 өдөр ч алдаж болхгүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *