Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-д өрсөлдөж байна


Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээнд ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, спортын мастер П.Энххүслэн ахлагчтай Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг “B” хэсэгт өрсөлдөж байгаа билээ. Манай баг хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожигдоод байна. Эхний тоглолтоо Филиппиний эсрэг хийж 3:0 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Казакстаны багтай хийж 3:1 харьцаагаар ялагдсан.

Харин хэсгийн гурав дахь тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж, эхний хоёр сет алдаад байсан ч дараалан 2 сет хожиж, 5 ээлжийн тоглолт гаргасан. Хэдий ч 15:13 харьцаагаар мөн ялагдав.

Өнөөдөр шигшээ багийнхан амрах бол энэ сарын 11-нд Иран, 12-нд Индонезийн багтай тоглох хуваарьтай байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаагаар 66 дугаар байрт эрэмбэтэй явна. “AVC Nations Cup” оноо олгодог том тэмцээн учраас манай шигшээ багийнханд тоглолт бүр чухал юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *