Монголын Эзэнт Гүрэний мөнгөн гэрэгэ олжээ


Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт орших Улаан даваанаас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар мөнгөн гэрэгэ олжээ. Тэд уг гэрэгэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүллээ. Энэ ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэг Монголын Эзэнт Гүрэн, тэр дундаа Их Юань Улсын үед бүтээж, дөрвөлжин үсгээр бичсэн юм байна. Түүн дээрх бичгийг галиглавал “Möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэжээ. Утгачилбал “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай. Хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай юм байна. Мөн гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай байна.

Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/232 дугаар тушаалаар урамшуулал олгож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа. Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан үндэсний музей зохион байгуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *