Их Британийн нийслэл Лондон хотноо даваа, мягмар гарагт зохиогдсон яриа хэлэлцээний төгсгөлд АНУ, БНХАУ-ууд өнгөрсөн сард Женевт тохиролцсон зөвшилцөлд тулгуурлан худалдааны хурцадмал байдлыг намжаахаар тохиролцлоо.
Хоёр өдрийн хугацаанд үргэлжилсэн өндөр дээд түвшний яриа хэлэлцээнд АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь, Худалдаа аж үйлдвэрийн сайд Ван Вэнтао нар оролцсон юм.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох энэ удаагийн худалдааны хэлэлцээ Бээжингийн зүгээс экспортыг нь хязгаарласан газрын ховор элементүүд, мөн Вашингтоны зүгээс хагас дамжуулагчтай холбоотой бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах асуудлууд дээр голчлон явагдсан байна.
АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн сард Женевт тохиролцсон зөвшилцөл болон энэ сарын 5-ны өдөр Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар холбогдон ярилцсаны үндсэн дээр талууд худалдааны хурцадмал байдлаа намжаах тохиролцоонд хүрсэн болохыг онцолжээ.
Хятадын худалдааны төлөөлөгч, худалдаа аж үйлдвэрийн дэд сайд Ли Ченган мөн дээрхтэй ижил мэдэгдлийг хийсэн байна.
Гэхдээ яриа хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид эхлээд өөрсдийн төрийн тэргүүнд тохиролцсон төлөвлөгөөг танилцуулж, Дональд Трамп, Ши Жиньпин нар зөвшөөрсөн тохиолдолд хэрэгжүүлэх ажээ.
Мөн талууд ахин уулзаж, яриа хэлэлцээ явуулах товыг тогтоогүй байна.