Нью Йоркийн шүүгч жүжигчин Блэйк Лайвли-гийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ


Холливудын жүжигчин Жастины Балдони өөрийнх нь нэр хүндийг гутаахыг оролдсон хэмээн жүжигчин Блэйк Лайвлигийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг Нью Йорк хотын шүүгч хэрэгсэхгүй болгожээ.

Жастин Балдони жүжигчин Блэйк Лайвлигаас 400 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байсан бол Нью Йорк хотын шүүгч Льюис Лайман даваа гарагт түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Жүжигчин Блэйк Лайвли өнгөрсөн жил Ж.Балдониг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, нэр хүндийг нь унагах өргөн хүрээний кампанит ажлыг зохион явуулсан хэмээн буруутгаж, түүний эсрэг шүүхэд гомдол мэдүүлж байсан бол Жастин Балдони хариуд нь Блэйк Лайвли, түүний нөхөр жүжигчин Райн Рейнолдс, тэдний хэвлэлийн төлөөлөгч болон мөн Нью Таймс сонины эсрэг нэр хүндийг нь гутаан доромжилж, карьерыг нь сүйтгэхийг оролдсон хэмээн гомдол мэдүүлж байсан юм.

Түүний мэдүүлсэн гомдлыг шалгаж үзэхэд нэр хүндийг нь унагахыг оролдсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон хэмээн шүүгч Льюис Лайман шийдвэрээ танилцуулсан ч мөн Жастин Балдониг энэ сарын 23-наас өмнө нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулж, ахин давж заалдах боломжтой гэжээ.

Блэйк Лайвлигийн өмгөөлөгчид үүний дараагаар гаргасан мэдэгдэлдээ шүүгчийн шийдвэрийг “Блэйк Лайвлигийн бүрэн ялалт, бүрэн зөвтгөл боллоо” хэмээн онцолжээ.

Жүжигчин Блэйк Лайвли Ж.Балдонигийн эсрэг гаргасан гомдлоосоо санаатайгаар сэтгэл санааны дарамт учруулсан болон сэтгэл санааны дарамтад хайхрамжгүй хандсан гэсэн хоёр нэхэмжлэлийг буцаан авахыг хүссэнээс хойш долоо хоногийн дараа ийнхүү Нью Йоркийн шүүгч түүний талд шийдвэр гаргаад байна.

2024 онд дэлгэцнээ гарсан “It Ends With Us” хэмээх киноны гол дүрүүдэд тоглосон дээрх хоёр жүжигчний хоорондох шүүхийн маргаан нэлээн олон сар үргэлжилж байгаа бөгөөд тэдний шүүх хурал ирэх жил явагдахаар товлогдсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *