ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцов


ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцох ажиллагааг явуулаад байна.

Өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотноо явагдсан хоёр талын ээлжит яриа хэлэлцээний төгсгөлд талууд хүнд өвчтэй, шархадсан болон 25-аас доош насны олзны хоригдол цэргүүдийг солилцохоор тохиролцсоны дагуу ийнхүү энэ долоо хоногийн даваа гарагт 25-аас доош насны залуу олзны цэргүүдийг харилцан солилцсон бол мягмар гарагт шархдаж, бэртэж гэмтсэн олзны цэргүүдийг харилцан солилцжээ.

Энэ талаар Украины ерөнхийлөгчийн алба болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдсэн боловч талууд харилцан солилцсон олзны цэргүүдийн тоо хэмжээний талаар мэдээлээгүй байна.

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Украинаас суллагдсан тус улсын цэргүүд Беларусьт байгаа бөгөөд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэж байгаа гэжээ. Мөн тэднийг эх орондоо эргэж ирсний дараа үргэлжлэн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах тухай мэдэгдсэн байна.

Истанбулын хэлэлцээний үеэр мөн амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцохоор тохиролцсон бөгөөд ОХУ-ын зүгээс 6000 гаруй Украин цэргийн цогцсыг буцаан өгөхөд бэлэн, оронд нь Украины талаас өгч чадах хэмжээгээр нь Орос цэргийн цогсыг авах болно хэмээн өмнө нь мэдэгдсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Оросын тал Украины 1212 цэргийн цогсыг солилцоо хийхээр тохиролцсон газарт авч очиход Украины талаас цэргүүдийнхээ цогцсыг авахаар хэн ч ирээгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, туслах Владимир Мединский мэдэгдсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский олзонд байгаа хүн нэг бүрээ олж, нутаг буцаахыг оролдож байгааг хэлж, цаашдаа ч солилцоо үргэлжлэн явагдана хэмээн мэдэгдэж, олзны цэргийн солилцооны сэдвээр улс төрийн болон мэдээллийн заль мэх, арга хэрэглэж байна хэмээн Москваг буруутгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *