Аргентины дээд шүүх экс Ерөнхийлөгч Кристина Кирхнерт 6 жил хорих ял оноожээ


Аргентины дээд шүүх энэ долоо хоногийн мягмар гарагт экс Ерөнхийлөгч Кристина Кирхнерт 6 жил хорих ял оноосон байна. Түүнийг анх луйврын хэрэгт буруутгаснаас хойш 3 жилийн дараа ийнхүү Аргентины дээд шүүх 6 жил хорих ял оноож, түүнийг бүх насаар нь төрийн алба хашихыг хоригложээ. Мөн Кристина Кирхнерын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг нь “хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдэгдсэн байна.

Кристина Кирхнерыг 2007-2015 оны хооронд Засгийн газрын тендерүүдийг луйвардсан хэмээн 2022 онд анх буруутгаж байсан. Түүнийг эрх мэдлээ ашиглан, өөрийнхөө болон нөхрийнхөө холбоо бүхий компаниудад төр, засгийн тендерүүдийг авч өгж байсан гэж буруутгасан юм.

К.Кирхнерын эсрэг үүсгэсэн дээрх хэргийг түүний улс төрийн карьерыг унагаж, түүний хэрэгжүүлсэн эдийн засгийн протекционист бодлого, нийгмийн хөтөлбөрүүдийг үгүйсгэж, үгүй хийх зорилго бүхий томоохон улс төрийн кампанит ажлын нэг хэсэг хэмээн мэдэгдэж байсан ажээ. Тэрээр улс төрийн зүүн төвийн үзэл баримтлал бүхий намынхаа төв байрны гадна цугласан олны өмнө хэлсэн үгэндээ дээд шүүхийн 3 шүүгчийг дээрээс буюу Х.Милейн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг “утсан хүүхэлдэйнүүд” хэмээн нэрлэсэн байна. 

Түүнийг дэмжигчид ч мөн Аргентин улсын олон хотоос нийслэл Буэнос Айрес хотыг зорих замдаа мод шатааж, зарим замыг хаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлээд байна. Харин улс төрийн ертөнц дэх түүний өрсөлдөгч гэгддэг, либертари үзэл баримтлалтай Ерөнхийлөгч Хавьер Милей дээд шүүхийн шийдвэрийг нааштайгаар хүлээн авч байгаагаа маш богино үгээр Х хуудсандаа нийтэлжээ.

Эрх баригчдад өөрийгөө хүлээлгэн өгөх 5 хоногийн хугацааг экс Ерөнхийлөгч Кристина Кирхнерт өгсөн байна. Ийнхүү Аргентин улсыг эр нөхрийн хамтаар 20 жилийн туршид удирдсан, өдгөө 72 настай Ерөнхийлөгч асан Кристина Кирхнер шоронд хоригдох нь тодорхой боллоо.

Тэрээр 1980-аад онд тус улсын төрийн тэргүүний албыг хашиж байсан Карлос Саул Менемийн араас ийнхүү шоронд хоригдох ял авсан хоёр дахь экс Ерөнхийлөгч болж байна. Өндөр настай учраас тэрээр гэрийн хорионд ялаа эдлэх хүсэлт гаргаснаар шоронд орохоос зайлсхийх боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *