ДеМаркус Казинс Пуэрто Рикод үймээн гаргаж, талбайгаас хөөгджээ


Цагтаа НБА лигийн од байсан, энэ жил МСБХ-ны Үндэсний дээд лигт “Сэлэнгэ Бодонс” багаас тоглосон Демаркус Казинс одоо Пуэрто-Рикод “Метс де Гуаянабо” багт тоглож буй. Тэрээр юу хийх нь урьдчилан таамаглашгүй тоглогч гэдгээ тэнд ч харууллаа.

Тус улсын лигийн тоглолтын үеэр эхний эгнээнд сууж байсан эсрэг багийн хөгжөөн дэмжигч түүнийг өдөөн хатгаж, “уйлж байгаа” хүүхэд дүрсэлснээр бүх зүйл эхэлсэн юм. Ингээд тоглолт будилаан болон хувирлаа. Казинс эртнээс НБА-д хурц сайхан тоглолтоосоо гадна түргэн ууртайгаараа алдаршсан тамирчин.

“Вакерос де Байамон” багтай хийсэн тоглолтын үеэр 34 настай Казинс гэнэт үзэгчдийн суудал руу хандлаа. Эхний эгнээний залуугийн өмнө очоод ёс бус хөдөлгөөн хийснийхээ дараа тэдний хооронд түр зуур ширүүн тэмцэл болсөн юм. Казинс уурандаа юу хийж байгаагаа ч мэдэхээ больсон байв. Танхимд цугларсан үзэгчид орилон, уур амьсгал ширүүсэв.

Шүүгчид удаан бодсонгүй, Казинсыг талбайгаас хөөж, энэ үед түүн рүү усны сав, стакан үзэгчид шидэж байв. Казинс дахин дайрах гэж оролдсон ч цагдаа нар арай ядан танхимаас гаргажээ.

НБА лигт дунджаар 25 оноо авч, Бүх оддын тоглолтод уригддаг байсан тоглогчийн замнал хаана төгсөх бол? Казинс олон удаа хэвлэлийн анхааралд өртдөг байсан. “Сакраменто”-д гялалзаж эсвэл маш хүнд гэмтэж, үгүй бол багийнхан, дасгалжуулагчтайгаа муудалцана. Багаа сольж эргэн ирэхээр “Голден Стэйт”, “Хьюстон”, “Денвер”, “Милуоки” багийг дамжиж, сүүлийн жилүүдэд Тайвань, Хятад, Монгол, одоо Пуэрто-Рикод ирээд байна.

Уг нь түүний үзүүлэлт тун дажгүй байгаа. “Метс де Гуаянабо” багт Казинс 18,2 оноо, 9 самбар, 4,7 оновчтой дамжуулалт дунджилж, шидэлт нь 60 хувийн оновчтой байгаа юм. Пуэрто-Рикогийн лиг хуралдаж, түүнийг лигээс хасах, хөөх хүртэл арга хэмжээ авч магадгүй болоод байна.

Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *