Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны конгресс боллоо.
IJF-н гишүүн 180 гаруй орны төлөөлөл оролцсон энэхүү нэгдсэн хурлаар гишүүдийн олонхын дэмжлэгээр Мариус Визерийг ирэх дөрвөн жилд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр улираан сонголоо.
Мөн тус хурлаар 2026, 2027, 2028 онд ДАШТ-ийг зохион байгуулах улсуудыг танилцуулсан бөгөөд 2028 онд зохиогдох ДАШТ-ийг Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээ хийж буй.
Мөн тамирчдын Дэлхийн чансааг тооцох, олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав. Олон улсын жүдо бөхийн холбоонд 177 улсын 10.291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос Анжелесын олимпын оноо олгох ажээ.


Түүнчлэн шүүгчдийн ерөнхий зөвлөлөөс олон улсын шүүгчдийг бэлтгэх сургалт, өнгөрсөн 2 жилийн ажлын тайлангаа танилцуулав. Тив тус бүр мөн адил өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт, тайлангуудаа хэлэлцэв. Мөн тус холбооны чухал хэсэг болох Санхүүгийн хэлтэс ажлын тайлангаа илтгэсэн бөгөөд Дэлхий даяар жүдо бөхийг хөгжүүлэх, дасгалжуулагч, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулах, жүдо сул хөгжсөн орнуудад дэвжээ байгуулахад туслалцаа үзүүлэх гэх мэт ажлуудыг идэвхтэй зохион байгуулж, тив тус бүрийн нэгдсэн холбоод ба улс орнуудын холбоодтой нягт харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү өндөр түвшний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцлоо.