Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн армийн Хуурай замын цэргийн командлал, Альяск дахь Армийн Инженерийн корпусын дэмжлэгээр АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Аляскийн үндэсний гвардын адьютант Торренс Сакс, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон албаны бусад хүн оролцсон юм.
Тус ангийн шинэ барилга газар хөдлөлийн 9 баллд тэсвэртэй, төмөр бетонон хийцтэй, 3 давхар, 1400 ам метр талбайтай.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: -Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн барилга ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, хүн амд эрт сэрэмжлүүлэх, амжиж анхааруулах, урьдчилан сэргийлэх, зарлан мэдээллийг хүргэх, гамшгийн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах боломж, чадавх сайжирна.